Ц.Шинэбаяр: Анги ахих тусам хүүхдийн шударга байдлын түвшин буурч байгаа

Мэдээ, мэдээлэл / admin / 1 жил, 6 сар өмнө


Авлигатай тэмцэх газар “Хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа”-г хийжээ. Судалгааны ач холбогдол, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-АТГ хүүхдийн шударга байдлын судалгаа хийсэн байна. Энэ судалгааны зорилго, ач холбогдол юу вэ? Яагаад хүүхдийн шударга байдлыг судалж байгаа юм бэ?

-Энэ судалгааг 6 дахь удаагаа хийсэн. Дунд сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн шударга ёсны талаарх хандлагыг тодорхойлох зорилготойгоор хийдэг. Тухайн насны хүүхдүүдийн шударга байдал, зан чанарын төлөвшилтийн байдал, тэдний ёс зүйн төлөвшилд гэр бүл, найз нөхөд нь хэр нөлөөтэй болох, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөлөөлөл ямар түвшинд байдаг зэрэг нөхцөл байдлыг тодорхойлох, улмаар хүүхэд багачууд, сурагчдын дунд хэрэгжүүлэх сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтооход энэ судалгаа ач холбогдолтой юм. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийн шударга байдлыг өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийнхтэй харьцуулах, насны зөрүүтэй хүүхдүүдийн хариултыг өөр хооронд нь харьцуулах боломжтой учир нийт улсын хэмжээгээр төдийгүй аймаг, дүүргүүдийн хүүхдүүдийн зан төлөвийн талаар мэдээлэл дээр тулгуурлан тодорхой онцлог арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байж болох юм.

-Энэ судалгаа 6 дахь удаагийнх гэлээ. Өмнөх судалгааны дүнгүүдээс ямар өөрчлөлт харагдаж байна вэ?

-Өмнө нь хийгдсэн судалгаануудад бүх аймаг, дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл хамрагдаагүй. 2015 оны судалгаанд 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдын төлөөллийг хамруулсан учир өмнөх судалгааны дүнгүүдийг энэ удаагийн судалгааны үр дүнтэй харьцуулах боломжгүй юм. Өмнөх судалгаануудад харьцангуй цөөн хүүхэд хамрагдсан бол энэ удаагийн судалгаанд 1929 хүүхэд хамрагдсан.

-Судалгааны асуулгуудыг яаж боловсруулсан бэ? Энэ асуултууд хүүхдийн шударга байдлыг бүрэн дүүрэн харуулж чадах уу?

-Судалгааны асуулгыг жил жилд боловсронгуй болгож ирлээ. Асуултуудыг хүүхдүүдэд аль болох ойлгомжтой байлгахыг хичээсэн. Тэдний өдөр тутмын амьдралд тохиолддог жишээн дээр тулгуурлан, нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулах тал дээр анхаарч мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авсан. Гэхдээ монгол хүүхдүүдийн шударга байдлыг бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Учир нь зөвхөн 7-11 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулж байгаа, мөн нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвийн сургуулийн хүүхдүүдийг хамруулсан боловч сумын төв дээр амьдарч байгаа хүүхдүүдийг хамруулаагүй, сургууль завсардсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж чадаагүй. Үүнээс гадна энэ удаагийн судалгааг онлайн хэлбэрээр авсан учир интернэт ашиглаж чадахгүй байгаа хүүхдүүд энэ судалгаанд хамрагдаагүй. Энэ бүх асуудлыг цаашид харгалзан үзэж судалгааг боловсронгуй болгох тал дээр ажиллах болно.

-Судалгааны дүнгийн мөрөөр юу хийх шаардлагатай вэ?

-Судалгааны үр дүнд хэд хэдэн нөхцөл байдал тодорхой болсон. Жишээлбэл, хүүхдийн анги ахих тусам шударга байдлын түвшин буурч байгаа. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдүүдийнхээс дундаж дүнгээрээ бага байгаа. Хүүхдүүдийн авлигын талаарх ойлголт сул байна. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нартайгаа зөв, буруу, шударга болон шударга бусын талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдийн шударга байдал өндөр, энэ талаар ярилцдаггүй, бодол санаагаа хуваалцдаггүй бол шударга байдлын түвшин нь доогуур байх жишээтэй. Найз нөхөд нь буруу зүйлд уруу татдаг бол хүүхдийн шударга байдлын түвшин буурах хандлагатай байна. Гэр бүл, сургуулийн орчноос шударга байдлын талаар ойлголт авдаг хүүхдийн шударга байдлын түвшин интернэтээс болон найз, нөхдөөсөө энэ талаарх ойлголтыг хүлээн авдаг хүүхдүүдийн түвшингээс өндөр байна.

Хүүхдүүдтэй эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нь чин сэтгэлээсээ ярилцаж байх нь чухал байна. Сайн муугийн талаар, зөв буруугийн талаар тэдэнд ойлгомжтой байдлаар ярилцаж байх, үйл хөдлөлөөрөө үлгэрлэх хэрэгтэй байна. Интернэтийн мэдээлэл, ялангуяа нийгмийн сүлжээний сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах шаардлагатай. Үүнийг хүчээр хийхэд хэцүү. Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, ёс суртахууны зөв хандлагатай болгоход туслах уран зохиолыг бодлоготойгоор судлуулах шаардлагатай байна. Энэ бол наад захын жишээ. Хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, бусадтай харилцах эрх чөлөөг нь чөлөөтэй тавьж, үйл хөдлөлийг нь сайн хянах хэрэгтэй байна. Дотроо ямар ертөнц бий болгож байгааг сайн мэдэж байх нь чухал юм. Одоо дунд сургуульд байгаа хүүхдүүдийн дотроо бий болгож байгаа ертөнцөд бид ирээдүйд амьдрах болно.

Ярилцсан Т.Тунамал

сүүлд нэмэгдсэн мэдээ