
Мэдээ, мэдээлэл
"ЕБС-ын багш нар хүүхдүүдээс хандив нэрээр мөнгө хурааж байгаа зөрчлийг таслан зогсоох зөвлөмж хүргүүлээд байна"
"ЕБС-ын багш нар хүүхдүүдээс хандив нэрээр мөнгө хурааж байгаа зөрчлийг таслан зогсоох зөвлөмж хүргүүлээд байна"
Мэдээ, мэдээлэл / admintaf / 17/04/2017
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал нилээдгүй ирсэн байна. Энэ асуудлаар болон цаг үеийн байдалтай холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаас тодрууллаа.
-Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг танай байгууллага шалгадаг. Сүүлийн үед ямар төрлийн гомдол мэдээлэл ихээр ирж байгаа вэ?
- 2017 оны эхний улирлын байдлаар 1800-1969 дугаарын утсанд ирсэн санал гомдлын багагүй хувийг боловсролын байгууллагатай холбоотой буюу ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээс элдэв хураамж, хандив нэрээр мөнгө хураан авч байгаа талаар, мөн шалгалтын комиссын үйл ажиллагааны зардалд мөнгө цуглуулж өгч байна гэсэн утга бүхий гомдол мэдээлэл эзэлж байна.
- Гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч байна?
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд дээрхи зөрчлийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагад нь хүргүүлээд байна.
Цаашид иргэд, олон нийт, эцэг эхчүүд, оюутан сурагчид ийм төрлийн гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсанд мэдээлэх нь нээлттэй бөгөөд энэ нь өөрөө авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн тавьж буй хяналт оролцооны нэгэн хэлбэр юм.
- Танай байгууллагад гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргаж өгч болох уу?
- Болно. Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсаар орж гомдол өгөх гэсэн холбоосонд хандана, мөн contact@iaac.mn цахим шуудангийн хаягаар гомдлоо ирүүлэх боломжтой.
Үүнээс гадна 1800-1969 тусгай дугаарын утсанд энгийн утасны тарифаар иргэд, байгууллагаас авлига ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталтай ажил үйлчилгээний талаархи болон албан тушаалтаны ёс зүйн харилцааны талаар гомдол мэдээлэл өгч болно.
- Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталсанаас хойш хэрэгжилт ямархуу байдалтай байна?
- Үндэсний хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодруулна уу?
-Үндэсний хөтөлбөр нь төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 11 зорилтыг 6 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангаж, Авлигатай тэмцэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж ажиллах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар батласан.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн чиг үүрэг, оролцоо ямар байх вэ?
-Яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон тооны бус зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл” ажиллах бөгөөд энэ зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны шийдвэр, ёс зүйд хяналт тавих зорилготой.
Тус зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллага, түүний удирдлагаас гаргаж буй аливаа шийдвэрийн ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Авлигатай тэмцэх газраас “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд, энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Авлигатай тэмцэх газар / 17/04/2017
Л.Батбаяр: Замын-Үүд дэх Гаалийн газарт авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байна
Л.Батбаяр: Замын-Үүд дэх Гаалийн газарт авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байна
Мэдээ, мэдээлэл / admin / 06/07/2016
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаад иржээ. Ажлын хэсгийг ахалж явсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяртай ярилцлаа.
-АТГ яагаад Замын-Үүд дэх Гаалийн газрыг сонгож ажлын хэсэг томилов? Өнгөрсөн сард танай мөрдөн байцаагчид байцаан шийтгэх ажиллагаа явуулсантай холбоотой юу?
-Ер нь бол холбоотой. Манай ажлын хэсэг 2016 оны 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Замын-Үүдэд ажилласан. Манай газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигын нийгмийн хор аюулыг гаалийн улсын байцаагч нарт ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, үр дагаврыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн ажиллаж байгаа нь энэ юм. Гаалийн газар, бусад салбар, хороодод ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх долоо хоногт Дорнод аймаг дахь Гаалийн газар, салбар хороодод ажиллахаар замдаа гарах гэж байна.
-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд ажилласан юм байна. Яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ? Нөхцөл байдал ер нь ямар байна вэ?
-Ажлын зорилгоо түрүүн хэлсэн. Харин энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд тухайн Гаалийн газрын 123 албан тушаалтанд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт хийсэн. Хэд хэдэн бичиг баримтыг үзэж танилцсан. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргаас болон Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаас баталсан тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа. Боловсон хүчний томилгоо, орон тоо, хүний нөөц, цалин хөлс, урамшуулал, сахилга хариуцлага, ажлын хуваарь, үнийн судалгаа, татвар хураамжийн орлогын мэдээ, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг тухайн байгууллагад хамаатай бүх л асуудлуудтай танилцсан. Ажлын хэсгийнхэн 3 ба түүнээс дээш удаа томилогдож ажиллаж байгаа гаалийн улсын ахлах болон байцаагч, мөн ачаа болон хүн тээврийн үйл ажиллагаа явуулж буй жолооч нартай уулзаж, мөн гаалийн хяналтын бүсүүдэд ажиллан, ажиглалт хийсэн.
-Их өргөн хүрээнд ажиллажээ. Ялангуяа гаалийн хяналтын бүсүүдэд ажиллаж, ажиглалт хийсэн нь сонирхол татаж байна. Газар дээр нь ажиллахад ямар байна вэ?
-Бид суудлын тээврийн хэрэгслийн гарах чиглэл, зорчигчийн гарах чиглэл, ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл, төмөр замын рентгений хэсэг, өртөө-2 хэсэг, Э-транс ХХК-ийн байр, МЧ-1, МЧ-2, чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт тус тус ажилласан. Суудлын тээврийн хэрэгслийн гарах чиглэлд ихэвчлэн хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг автомашин /дугуй, хөдөлгүүр гэх мэт/-д байрлуулан авч гарах зөрчил илэрдэг хэсэг. Зорчигчийн гарах чиглэлд зорчигч болон тэдний ачаа тээш, гар цүнхэнд хяналт тавьдаг. Энд танхимд иргэдэд зориулсан мэдээллийн самбар, хөтөч гэх зүйл байхгүй байсан. Ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл нь өнгөрсөн жилээс шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. Бидний ажилладаг өдрийн 16 цагийн байдлаар 47 автомашин хилээр гарсан, 34 тээврийн хэрэгсэл хяналтын бүсэд бүрдүүлэлт хийж байгаа, 10 автомашинд бүрдүүлэлт хийгээд дуусч байлаа. Танхимд байршуулсан цахим мэдээллийн самбар нь ямар байцаагч шалгалт хийх болон аль шатанд байгаа талаар мэдээллийг хүргэж байсан. Энэ хэсэгт гардаг зөрчилтэй асуудал нь олон хүлээн авагчтай, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг тул бүрдүүлэлт хийхэд хугацаа их шаарддаг. Нэг нэр төрлийн ачаа бол 10 минутын хугацаанд ч бүрдүүлэлт хийгдээд гараад явах тохиолдол байдаг. Ахлах ажилтны зүгээс байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн бололцоотой гэж бидэнд танилцуулсан.
Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт ажиллаж буй байцаагч нарын хувьд рентген техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн гэж байгаа. Энэ хэсэгт урьд өмнө өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөн мэдүүлэх замаар зөрчил гаргаж байсан тухай эх сурвалж бидэнд мэдээлсэн. Төмөр замын рентгений хэсэгт төмөр замаар нэвтэрч буй экспорт, импортод хяналт тавих хэсэг ба Өртөө-2 хэсэгт бүрдүүлэлт хийгддэг юм байна. 4 ажилтан ээлжээр ажилладаг бөгөөд экспортоор ихэвчлэн төмрийн хүдэр, жонш гардаг талаар ээлжинд гарч буй ажилтан танилцуулж байсан. Төмөр замаас өгсөн мэдээллийн дагуу ачаатай вагон /60 км/ц хурдтай/-ыг рентгенээр хяналт шалгалт хийдэг. Бусад хяналтын хэсгүүдээс алслагдмал байрладаг юм билээ. Өртөө-2 хэсэгт ажиллаж буй ажилтнуудын ажлын байрны аюулгүй байдал, ачааллыг харгалзан үзэх шаардлагатай байна. Нэг байцаагчид ноогдох ачааллын хувьд өдөрт 40-50 бүрдүүлэлт хийж байгаа талаар танилцуулж байсан. МЧ-1, МЧ-2 хяналтын хэсэгт тус бүртээ ахлах ажилтан нэг, 4 ажилтан ээлжээр үүрэг гүйцэтгэдэг юм байна.
-Гаалийн байцаагч, иргэд, жолооч нартай уулзсан гэсэн. Тэд юу ярьж байв?
-Замын-Үүд дэх Гаалийн газарт 3 ба түүнээс дээш удаа томилогдон ажиллаж байгаа улсын байцаагч нартай уулзаж ярилцсан. Мөн зарим гаалийн байцаагч нарыг өөрийнх нь хүсэлтээр уулзсан. Байцаагч нартай цалин хөлс, урамшуулал, ажлын ачаалал, сэлгэн ажиллуулах горимын талаар ярилцлаа. Боловсон хүчний 30 орчим хувийг сэлгүүлэн ажиллуулснаас сөрөг үр дагаврууд үүсч байсан, томилгоонд хөндлөнгийн, ялангуяа улс төрийн нөлөө их байдаг, мэргэшүүлэх ажлыг сайтар хийдэггүйгээс төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй хүмүүс томилогдож ирдэг, ажил, албан тушаал дэвших, өсч дэвжих боломжийг улс төр, танил тал, нутаг жалгын үзлээр хааж боомилдог гэж ярьсан.
Танхимд үйлчлүүлж байсан иргэн Б-ээс тус гаалийн байгууллагаар ямар хугацаанд үйлчлүүлдэг, хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар тодруулахад “Үйлчилгээний хувьд хүндрэл бэрхшээлтэй асуудал гаалийн татвар хураамж байна. Өнөөдөр гэхэд “Ор, буйдан үйлдвэрлэдэг пүрш төмөр”-ийн хураамж 1.5 хувиар бодогдож байгаа нь 2016 оны 1 дүгээр сарынхаас өссөн байна. Нэг сард би 0.5 хувиар тооцож хураамж төлсөн. Гурван сар болоогүй байхад 1.5 болсон нь хүндрэлтэй, аж ахуйн нэгж, байгууллагад дарамт болж байна гэж үзэж байна. Жишээлбэл, би 2016 оны нэгдүгээр сард 500.000 төгрөгийн татвар төлөөд оруулж ирсэн бол одоо 1.500.000 төлж байна. Эдийн засгийн одоогийн хүнд үед татвар нэмэгдсэн нь хүнд байна” гэж байсан бол үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагчаас асуудлыг тодруулахад “Програмд ийм үнэлгээ байна” гэсэн. Бодит байдалд 2015 оны 11 дүгээр сард баталсан үнийн судалгааг баримталж байгааг мэдэгдэж, хэдийд хэрхэн өөрчилсөн талаар тайлбарлахыг хүсч, тодруулахад програмд буюу үнийн баазад буруу шивэгдсэн, баазын үнээр үнэлгээ хийсэн нь тогтоогдсон тул ажлын хариуцлагын асуудал дээр нь анхаарах, тухайн иргэнийг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
-Гаалийн байцаагч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бас хянан шалгасан гэсэн. Энэ тал дээр зөрчил, дутагдал гарав уу?
-Замын-Үүдийн гаалийн мэдүүлэг гаргагч нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ тэдгээр албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулган хянаж жагсаалтыг гаргасан. Замын-Үүд дэх Гаалийн газрын мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны 2014, 2015 оны 318 мэдүүлгийг Гаалийн ерөнхий газраас татан авч хянан шалгахад хөрөнгө, орлого, орон сууц, газар, зээл буюу их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан 35 албан тушаалтны 2015, 2016 оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай байгаа тул энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын алба үргэлжлүүлэн шалгана. Удирдлагын зөвлөл нь 2015 онд 19 удаа хуралдаж, давхардсан тоогоор 45 асуудал хэлэлцсэн байхад тухайн хуралд оролцсон удирдах ажилтнуудаас мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Замын-Үүдийн гаалийнхан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхдээ хамаарал бүхий этгээдийг дутуу бичих, орлого, урамшуулал, банкны хадгаламжийн хүүг мэдүүлээгүй, хөрөнгө, зээл, авлагын талаар мэдүүлээгүй, эх үүсвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй зэрэг зөрчлийг түгээмэл гаргасан байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажиллаж байгаа буюу Удирдлагын зөвлөлийн хуралд оролцон асуудал шийдвэрлэж буй албан тушаалтнууд мэдэгдэл, тайлбар гарган ажиллах шаардлагатайг ажлын хэсгийнхэн зөвлөлөө.
-Танай мөрдөн байцаагчдын явуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны араас авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад нөхцөл байдал хэр зэрэг байна вэ?
-Бид араас нь явуулж байгаа юм биш. 2015 оны 6 дугаар сард Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус газрын үйл ажиллагаатай танилцаад арга зүйн зөвлөгөө өгөх, Гаалийн ерөнхий газрын удирдлагад арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ авч байсан ч дорвитой өөрчлөлт гаргаагүйгээс энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байгаа. Замын-Үүд дэх Гаалийн газрын удирдлагын Зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцаж байх явцад гаалийн байцаагчдын гаргасан зөрчлийн байдлыг үзэхэд ажлын хариуцлага алдаж бараа, тээврийн хэрэгслийг дутуу пүүлдэг, үнэлгээ дутуу хийж татвар, хураамжийг бүрэн авдаггүй, нэр төрлийг өөрчлөн үнэ ихтэй, татвар өндөртэй барааг өөр хямд бараагаар орлуулдаг зэрэг ноцтой зөрчлүүд байх бөгөөд ингэж өөрчилснөөр зөрүү гарсан татвар, хураамжийн дүнгээс өөртөө авдаг байж болзошгүй асуудал нь олон нийтийн дунд яригддаг дам яриа, тус газрын гаалийн байцаагчидтай холбоотой хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг нотолж байна.
АЗШНЦ-2 буюу Ачааны автомашин шалгах цэгийн рентген аппаратаар болон мэдээллээр зөрчилтэй байж болзошгүй тохиолдолд уг тээврийн хэрэгсэлийн ачаа барааг буулгаж шалгахад техник хэрэгсэл, хүн хүчний дутмаг, улирлын байдлаас шалтгаалан 3-5 хоног зарцуулдаг тул үйлчлүүлэгчдийн шахалт, бэрхшээлээс шалтгаалан хяналт шалгалт чанартай хийгдэхгүй байдал ажиглагдаж байсан. Мөн Гаалийн газар болон төрийн бусад байгууллагууд албаны автомашинаар үйлчлүүлэгчдийн ачаа, барааг байнга хилээр тээвэрлэдэг, гаалийн бүрдүүлэлтийг үнэн зөв хийдэггүй, ёс төдий үйлддэг зэрэг зөрчил илэрсэн бөгөөд энэ нь иргэн, үйлчлүүлэгч нарт сөргөөр нөлөөлөх, байгууллагын үйл ажиллагааны нэр хүндийг унагах, бусдад ижил тэгш шаардлага тавих нөхцөлийг алдагдуулж байна. Удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хэрхэн хариуцлага тооцох, бусад үйлчлүүлэгчдийг зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр нөлөөлийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах явцад албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж болохуйц асуудлууд цөөнгүй байна гэж үзлээ. Тухайлбал, гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах асуудал хангалтгүй төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг зөвхөн 14 хоногийн дотор бэлтгэж байгаа нь хангалтгүй байна. Түүнчлэн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгож байгаа ба үүнийгээ төсөвт тодотгол хийлгэх замаар залруулж байна. Тус газар одоо ч орон тооны илүүдэлтэй. Энэ нь төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй юм.
Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт бусад импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог 6 арга, ялангуяа үндсэн арга болох хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээллийг өгдөггүй, уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангахгүй байгаа нь үйчлүүлэгч өөрийн төлж буй хураамжийг хянах, хяналт тавих боломжийг олгохгүй байгаа төдийгүй гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн бага хураамж төлөх сонирхол, нөгөө талаас гаалийн улсын байцаагчийн авлига, шан харамж авах сонирхолтой давхцдаг байхыг үгүйсгэхгүй юм.
Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан албан хаагчид ногдуулах хариуцлагын асуудал ёс төдий хариуцлага ногдуулдаг. Тухайлбал, үр дүнгийн урамшууллаас хасах, протоколоор сануулах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг нь гаргасан зөрчилдөө гэмших, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болж чадахгүй байна. Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камер ховор, камерийн тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалын улсын байцаагчаас тусгаарлагдан тусдаа өрөө нь байрладаг, өрөөнд нь хяналтын камер байхгүй байгаа нь үйлчлүүлэгчтэй нүүр тулсан уулзалт хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Мөн хяналтын бүсүүдэд ажиллах гаалийн улсын байцаагчдын ажлын хуваарийг удирдах албан тушаалтнаас excel файл ашиглан хийж байгаа нь байцаагч нарыг давхардуулах, ээлж дараалан хуваарилах г.м техник алдаа гаргах мөн мөн санаатайгаар хуваарьлалт хийх боломжийг бүрдүүлж болзошгүй юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүс, шалган нэвтрүүлэх цэгүүдээс АЗШНЦ-2 буюу Ачааны автомашин шалгах цэг, төмөр замын шалган нэвтрүүлэх цэгт рентгэн байгаа бөгөөд бусад цэгт байхгүй байгаа нь хяналтыг сулруулах бас нэгэн нөхцөлийг бүрдүүлж байна.
-Олон зөрчил, дутагдал, сул тал байгааг илрүүлжээ. АТГ эдгээр зөрчил, дутагдлыг арилгах, нөхцөл байдлыг засч сайжруулах чиглэлээр цаашид юу хийх вэ?
-Цаашид дээрх дүгнэлтэд дурдсан сөрөг үр дагавар бий болгохуйц асуудлаар гаалийн төв болон орон нутгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, бусад Гаалийн газар, хороодод ажилласан тайлан, мэдээлэлтэй уялдуулан салбарын хэмжээнд цогц арга хэмжээг зохион байгуулах талаар Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллахаар албан бичиг хүргүүлээд байна. Гаалийн газар, хороодод эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү гэх мэт хамаарал бүхий этгээдүүд цөөнгүй ажиллаж байгаа тул тэднийг сонирхлын зөрчилд оруулахгүй байх, сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгайлсан зөвлөмж өгч ажиллах шаардлагатай.
Авлигатай тэмцэх газар / 06/07/2016
Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах нь төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх гол механизм
Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах нь төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх гол механизм
Мэдээ, мэдээлэл / admin / 06/07/2016
Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.
-Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албан ёсны дүн мэдээг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Энэ жил хуулийн хугацаанд хичнээн хүн мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бэ?
-Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн тайлан, бүртгэлийг нэгтгэж албан ёсны дүн мэдээг гаргалаа. Улсын хэмжээнд нийтдээ 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт 2015 оны мэдүүлгээ мэдүүлбэл зохих төрийн өндөр 269 мэдүүлэг гаргагч албан тушаалтан хуульд заасан хугацаанд 100 хувь мэдүүлсэн байна.
-2016 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааны онцлог юу байв?
-Ихээхэн онцлогтой байлаа. 2015 оны сүүлээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Зарим төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ их гарсан. Төрийн өмчийн хорооны бүтцийг хуулиар өөрчилж Сангийн яаманд нэгтгэсэн, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газруудыг нийлүүлж Гааль, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороог нийлүүлж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгосон зэрэг өөрчлөлт хийгдсэн. Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын амралтын өдрүүд давхацсан. Энэ бүхэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсгэж байсан. Гэвч Авлигатай тэмцэх газар учирч болох эдгээр бүх хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах үр дагаврыг тооцож, тухай бүрт арга хэмжээ авч ажилласан.
-Мэдүүлгээ гаргаагүй буюу хожимдуулж мэдүүлсэн зөрчилтэй нийт 5 хүн байгааг нэрлэж болох уу?
-Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр нар хугацаа хожимдуулсан, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар 2015 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна.
-Ихэвчлэн дүүргийн хурлын төлөөлөгч нар хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд хойрго хандсаны учир шалтгаан юу вэ?
-Энэ жилийн хувьд нийслэлийн 2 дүүргийн 3 төлөөлөгчийн хувьд ийм асуудал гарсан нь анхаарал татаж байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлэх талаарх сургалт, сурталчилгааг хангалттай түвшинд өгсөн. Дээр нэр дурдсан албан тушаалтнууд шалтгаан, тайлбараа гаргаж өгөх байх.
-Дээрх хүмүүст хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу мэдүүлгээ хожимдуулж гаргасан, гаргаж өгөхгүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулж, гаргасан зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувь бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулдаг. Мөн тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу нарийвчлан хянан шалгадаг.
-Мэдүүлгээ гаргаж өгөөгүй буюу гаргахаас татгалзсан асуудлыг хөрөнгө, орлогоо нуусан гэж үзэх үү?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар мэдүүлэг гаргахаас татгалзсан болон гаргаж өгөөгүй нь тухайн албан тушаалтны мэдүүлгийг шалгах үндэслэл болдог. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь нарийвчлан хянан шалгаж, шалгалтын эцэст тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогоо нуусан эсэх нь тодорхой болох бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд хөрөнгө, орлогын дүн болон тухайн мэдүүлэг гаргагчийн албан тушаалын цалин хөлсний дүнтэй уялдан хүлээлгэх сахилгын шийтгэл харилцан адилгүй байдаг. Тухайлбал зөрчилтэй мэдүүлсэн хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн албан тушаалтны зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцүү хэмжээний бол албан тушаал бууруулах, нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээтэй байвал албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах сахилгын шийтгэл хүлээхээр заасан байх жишээтэй.
-Төрийн албан хаагчдаас хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулж авахын ач холбогдол ер нь юу юм бэ?
-Төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх гол механизм. Нөгөө талаас төрийн албан хаагчид ажилд орохдоо хэдий хэмжээний хөрөнгөтэй байна, ажиллаж байх хугацаанд ямар хэмжээний хөрөнгөтэй болсон, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл байна уу гэдэгт хяналт тавин ажиллаж байгаа нь цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжих авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл юм. Мөн иргэд олон нийтийн зүгээс төрийн албан хаагчийн хөрөнгө, орлоготой холбоотой өргөдөл, гомдлыг Авлигатай тэмцэх газарт ирүүлдэг. Тэдгээр мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хөрөнгө орлогоо хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нь тогтоож зөрчил илрээгүй тохиодолд тухай бүрт нь гомдол гаргагчид хариуг хүргүүлдэг, энэ нь төрийн албан хаагчдынхаа нэр төрийг хамгаалах арга хэмжээ болж байгаа юм.
-Төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг эцсийн байдлаар олон нийтэд хэзээ мэдээлэх вэ?
-Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлдэг УИХ-ын гишүүд, сайд, УИХ-аас байгуулагддаг байгууллагын удирдах албан тушаалтан, Засгийн газрын агентлагийн дарга нар болон Улсын дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга зэрэг Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 250 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулна.
Авлигатай тэмцэх газар / 06/07/2016
Ц.Шинэбаяр: Анги ахих тусам хүүхдийн шударга байдлын түвшин буурч байгаа
Ц.Шинэбаяр: Анги ахих тусам хүүхдийн шударга байдлын түвшин буурч байгаа
Мэдээ, мэдээлэл / admin / 06/07/2016
Авлигатай тэмцэх газар “Хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа”-г хийжээ. Судалгааны ач холбогдол, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-АТГ хүүхдийн шударга байдлын судалгаа хийсэн байна. Энэ судалгааны зорилго, ач холбогдол юу вэ? Яагаад хүүхдийн шударга байдлыг судалж байгаа юм бэ?
-Энэ судалгааг 6 дахь удаагаа хийсэн. Дунд сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн шударга ёсны талаарх хандлагыг тодорхойлох зорилготойгоор хийдэг. Тухайн насны хүүхдүүдийн шударга байдал, зан чанарын төлөвшилтийн байдал, тэдний ёс зүйн төлөвшилд гэр бүл, найз нөхөд нь хэр нөлөөтэй болох, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөлөөлөл ямар түвшинд байдаг зэрэг нөхцөл байдлыг тодорхойлох, улмаар хүүхэд багачууд, сурагчдын дунд хэрэгжүүлэх сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтооход энэ судалгаа ач холбогдолтой юм. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийн шударга байдлыг өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийнхтэй харьцуулах, насны зөрүүтэй хүүхдүүдийн хариултыг өөр хооронд нь харьцуулах боломжтой учир нийт улсын хэмжээгээр төдийгүй аймаг, дүүргүүдийн хүүхдүүдийн зан төлөвийн талаар мэдээлэл дээр тулгуурлан тодорхой онцлог арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байж болох юм.
-Энэ судалгаа 6 дахь удаагийнх гэлээ. Өмнөх судалгааны дүнгүүдээс ямар өөрчлөлт харагдаж байна вэ?
-Өмнө нь хийгдсэн судалгаануудад бүх аймаг, дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл хамрагдаагүй. 2015 оны судалгаанд 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдын төлөөллийг хамруулсан учир өмнөх судалгааны дүнгүүдийг энэ удаагийн судалгааны үр дүнтэй харьцуулах боломжгүй юм. Өмнөх судалгаануудад харьцангуй цөөн хүүхэд хамрагдсан бол энэ удаагийн судалгаанд 1929 хүүхэд хамрагдсан.
-Судалгааны асуулгуудыг яаж боловсруулсан бэ? Энэ асуултууд хүүхдийн шударга байдлыг бүрэн дүүрэн харуулж чадах уу?
-Судалгааны асуулгыг жил жилд боловсронгуй болгож ирлээ. Асуултуудыг хүүхдүүдэд аль болох ойлгомжтой байлгахыг хичээсэн. Тэдний өдөр тутмын амьдралд тохиолддог жишээн дээр тулгуурлан, нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулах тал дээр анхаарч мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авсан. Гэхдээ монгол хүүхдүүдийн шударга байдлыг бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Учир нь зөвхөн 7-11 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулж байгаа, мөн нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвийн сургуулийн хүүхдүүдийг хамруулсан боловч сумын төв дээр амьдарч байгаа хүүхдүүдийг хамруулаагүй, сургууль завсардсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж чадаагүй. Үүнээс гадна энэ удаагийн судалгааг онлайн хэлбэрээр авсан учир интернэт ашиглаж чадахгүй байгаа хүүхдүүд энэ судалгаанд хамрагдаагүй. Энэ бүх асуудлыг цаашид харгалзан үзэж судалгааг боловсронгуй болгох тал дээр ажиллах болно.
-Судалгааны дүнгийн мөрөөр юу хийх шаардлагатай вэ?
-Судалгааны үр дүнд хэд хэдэн нөхцөл байдал тодорхой болсон. Жишээлбэл, хүүхдийн анги ахих тусам шударга байдлын түвшин буурч байгаа. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдүүдийнхээс дундаж дүнгээрээ бага байгаа. Хүүхдүүдийн авлигын талаарх ойлголт сул байна. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нартайгаа зөв, буруу, шударга болон шударга бусын талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдийн шударга байдал өндөр, энэ талаар ярилцдаггүй, бодол санаагаа хуваалцдаггүй бол шударга байдлын түвшин нь доогуур байх жишээтэй. Найз нөхөд нь буруу зүйлд уруу татдаг бол хүүхдийн шударга байдлын түвшин буурах хандлагатай байна. Гэр бүл, сургуулийн орчноос шударга байдлын талаар ойлголт авдаг хүүхдийн шударга байдлын түвшин интернэтээс болон найз, нөхдөөсөө энэ талаарх ойлголтыг хүлээн авдаг хүүхдүүдийн түвшингээс өндөр байна.
Хүүхдүүдтэй эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нь чин сэтгэлээсээ ярилцаж байх нь чухал байна. Сайн муугийн талаар, зөв буруугийн талаар тэдэнд ойлгомжтой байдлаар ярилцаж байх, үйл хөдлөлөөрөө үлгэрлэх хэрэгтэй байна. Интернэтийн мэдээлэл, ялангуяа нийгмийн сүлжээний сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах шаардлагатай. Үүнийг хүчээр хийхэд хэцүү. Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, ёс суртахууны зөв хандлагатай болгоход туслах уран зохиолыг бодлоготойгоор судлуулах шаардлагатай байна. Энэ бол наад захын жишээ. Хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, бусадтай харилцах эрх чөлөөг нь чөлөөтэй тавьж, үйл хөдлөлийг нь сайн хянах хэрэгтэй байна. Дотроо ямар ертөнц бий болгож байгааг сайн мэдэж байх нь чухал юм. Одоо дунд сургуульд байгаа хүүхдүүдийн дотроо бий болгож байгаа ертөнцөд бид ирээдүйд амьдрах болно.
Ярилцсан Т.Тунамал
Авлигатай тэмцэх газар / 06/07/2016