
Мэдээ, мэдээлэл
Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал судалгаа (2016)
Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал судалгаа (2016)
Мэдээ, мэдээлэл / admintaf / 01/12/2016
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
“Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны дүнгээр бизнесийн орчин улам бүр муудсан байгааг харуулж байна
Улаанбаатар, 11-р сарын 30–Азийн Сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны долоо дахь удаагийн дүнгээ танилцууллаа. Уг судалгааг“Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Канадын Гадаад хэргийняамны санхүүжилтээрАзийн Сан хэрэгжүүлсэн болно.
2012 оноос хойш явагдаж буй энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт дээр тулгуурлан бизнесийн орчин дахь авлигын нөлөөллийг харуулахыг зорьдог бөгөөдсудалгааг 2016 оны 9-р сард Улаанбаатар хот дахь330 аж ахуй нэгж, компанийн төлөөлөл болох бизнес эрхлэгчдийг хамруулан явуулав.
Энэ оны судалгаа нь 2016 оны УИХ-ын сонгууль, эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшны уналт болон Засгийн Газрын зүгээс эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаачлагуудыг хэрэгжүүлэхээр оролдож буй зэрэг томоохон үйл явдлуудын үеэр хийгдлээ. Иймэрхүү дур зурагтай бизнесийн орчинд судалгааны үзүүлэлтүүд бүх төрөлд багасч, сэтгэл ханамж буурсан, хөрөнгө оруулалтын орчин таатай бус болон бизнес эрхлэгчид өөдрөг бус байгааг улам тодотгож өгөв.
2016 оны судалгаанаас гарсан үндсэн дүгнэлт:
- 2016 онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурсан хэвээр байна:
- 2012 онд судалгаанд оролцсон компануудын 11.8 хувь нь хөрөнгө оруулалт доройтсон гэсэн бол 2016 онд энэ тоо нь 56.7 болж нэмэгдсэн байна.
- Бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг өснө гэсэн найдвар байхгүй байгаа бөгөөд 2012 онд бизнес эрхлэгчдийн 57 хувь нь хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэж байсан бол 2016 онд зөвхөн 26.4 хувь нь сайжирна гэж үзсэн байна.
- Хэт өндөр татвар, зээл авах боломж бага, мөн лиценз сунгах, олгохтой холбоотой асуудлууд бизнес эрхлэгчдэд гол бэрхшээл болсон хэвээр байна.
- Татварын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналт, болон Гааль гэх мэт албан газрыг хамгийн их бэрхшээл үүсгэдэг гэж судалгаанд оролцогчид үзжээ.
- Судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь (47.9)төрийн салбарт авлига “маш их”байна гэж тодорхойлов, харин аравны нэг нь буюу 12.4 хувь нь хувийн салбарт “маш их” авлига байна гэсэн байна.
- Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь (53 хувь) улс төрийн болон гэр бүл, хамаатан садны харилцаа зэрэг нь төрийн байгууллагын тендерт нөлөөлж байна гэж үзжээ.
- Бизнесийн орчин дахь авлигын эсрэг хууль зүйн орчинг “огт үр дүнгүй” гэсэн үнэлгээ 2012 онд 19.1 хувь байсан бол 2016 онд судалгаанд оролцогчдын 39.8 хувь нь үр дүнгүй байна гэж хариулжээ.
- Судалгаа анх эхлэх үед оролцсон хүмүүсийн 19.5 хувь нь төр засгийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа “ямар ч үр дүнгүй” гэж хариулж байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 44.5 хувь хүртэл өссөн байна.
Судалгаа нь бодлого тодорхойлогчид, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин дахь сайн засаглалын арга туршлагын тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид түүнийгээ сайжруулах, хандлагыг өөрчлөх болон авлигаас урьдчилсан сэргийлэх мэдээллийг түгээж байдгаараа онцлог юм.
Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигалын Нөхцөл Байдлын судалгаанаас гадна Азийн Сангаас мөн үндэсний хэмжээнд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг явуулдаг. Хамтдаа хоёр судалгаа нь Монгол Улс дахь авлигын асуудлын ерөнхий дүр зургыг харуулахыг зорьдог юм.
Энэхүү судалгааг Азийн Сангийн вебсайтаас болон Сант Марал сангийн цахим хуудас дээрээс олж татаж авч болно.
Азийн Сан нь Ази тив дахь хөгжиж буй орнуудад ард иргэдийн амьдралыг сайжруулах зорилготойгоор ажиллаж буй олон улсын ашгийн бус байгууллага юм. Азийнулс орнуудад тулгарч буй үндсэн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийг зорьсон төслүүдийг жаран жилийн түүх, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж – сайн засаглал, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийг чадавхжуулах болон бүс нутгын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.
Азийн сан / 01/12/2016
Эмийн салбарт авлигын асуудал хөндөгдөж байна
Эмийн салбарт авлигын асуудал хөндөгдөж байна
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 17/10/2016
Хариуцлага, ёс зүй хэмээх ойлголт эрүүл мэндийн салбарынхны анхааралд нэн тэргүүнд байх ёстой хэмээн иргэн хүний хувьд боддог. Тэгвэл өнөөдөр энэ салбарын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүй, хариуцлагаа үл ухаарч байдгаас эрүүл мэндийн тогтолцоог улам бүр доройтуулж, “авилгад их өртсөн, эрүүл бус салбар” хэмээн иргэд дүгнэхэд хүрээд байгаа билээ.
Мэдээж алтан гартай эмч нарын ачаар аюулт өвчнөөс ангижирч, биеэ илааршуулаад эмнэлгээс гардгийг хэлэхгүй өнгөрвөл алдас болно.
Сайны хажуугаар саар гэгчээр эмчийн ёс зүйгээ умартан, ажил албан тушаалаа ашиг олох хэрэгсэл гэж харсан, өвчин туссан хүнийг мөнгө хэмээн хардаг эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллага байгаа нь олны дургүйцлийг төрүүлдэг.
Хүнд суртал ихтэй, өнгө мөнгөнд шунасан эмч нарын цөөнгүй хэсэг нь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллах болсон гэхэд буруудахгүй. “Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол” гээд үе үеийн эрх баригчид сайхан амлалт ард түмэнд өгдөг. УИХ-д олонх болсон МАН сонгуулийн амлалтдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирусийн халдвартай хүмүүсийг бүрэн эмчилнэ гэж амласан. Амлах нэг хэрэг, ажил хэрэг болгох нь чухал.
Ажил хэрэг болгох ёстой салбарын яам, харьяа болон эрүүл мэндийн хувийн байгууллагууд, тэнд ажиллагсад нь энэ хөтөлбөр, амлалтыг мөнгөний нүдээр хараад байгаа юм.
Элэгний С вирусийн эсрэг эмийг манай эрүүл мэндийн байгууллагууд шинжлэхдээ вирусгүй хүнийг вирустэй гаргах тохиолдол нэг бус. Нарийн шинжилгээ хийлгэлгүй анхны дүгнэлтэд нь итгэн өндөр үнэтэй эмийг нь шууд аваад хэрэглэсэн бол наанадаж хөрөнгө санхүүгээрээ, цаашлаад эрүүл мэндээрээ хохирч, тухайн эмэнд нь дасалтай болчих магадлал өндөр.
Манай нэг сурвалжлагчийг ямар ч вирусгүй байхад нь С вирустэй хэмээж, сэтгэл санаагаар унагасан удаа бий. Өдгөө эрүүл мэндийн байгууллагууд вирустэй гэж оношлогдсон хүмүүсийг хяналтдаа байлгах нэрээр бас мөнгийг нь саах явдал байна. Түүгээр зогсохгүй эмч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц нөхцөл байдал бий болгож буй юм.
Эрүүл мэндийн байгууллагынхан авлига авдаггүй, эмчлүүлж илааршсан хүмүүс талархлаа илэрхийлж, чихрийн цуглуулга, дарс, 50 мянган төгрөг өгснийг хахууль авлаа гэж буруутгадаг. Бид авлига аваагүй хэмээдэг нь олон.
Авлигын эсрэг хуульд “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрх зүйн зөрчлийг авлига гэнэ” хэмээн тодорхойлсон.
Тэгвэл зарим эмч бусдад давуу байдал бий болгож шан харамж авч байгаа тохиолдол олон. Сүүлийн үед элэгний С вирусийн эсрэг эмийг иргэдэд борлуулахын тулд эм ханган нийлүүлэх байгууллага, эмч нартай хуйвалдаж, давуу байдал олгож буй гэнэ.
Манайдаа нэртэй, олон жил оршин тогтносон эм ханган нийлүүлэх байгууллагынхан импортолдог эмээ борлуулахын тулд эмч нарт нэг эмэнд 20.000-40.000 төгрөгийн урамшуулал өгч эмийн жор бичих хуудас дээр бичүүлдэг тухай мэдээлэл олны дунд байна. (Энэ удаад бид эмч, эм ханган нийлүүлэх байгууллагын нэрийг дурдахаа түр азная) Үүнийг АТГ анхааралдаа авч шалгахгүй бол дунд шатны авлига хэрээс хэтэрлээ гэх хүмүүстэй нэг бус удаа таарав.
Уг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны 446 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” гэж эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын баримталж байх ёстой эрх зүйн баримт бичиг бий.
Үүний 3.18-д “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах нь ёс зүйд үл нийцнэ” гэж заасан.
Мөн тус хэм хэмжээний 3.23-т нь “Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэхгүй байх” гээд цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа юм.
Амьдрал дээр эмч нар хувь, хувьсгалын гэлтгүй дээрх ёс зүйн хэм хэмжээний заалтыг зөрчин “Тэр эмийн сангаас очиж, тийм нэртэй эм авч уу” гэдэг нь өнөөдөр хэвийн үзэгдэл болсон.
Түүнээс гадна 3.25 дахь заалтад “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх”, 6.2-т “Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхлоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг дээгүүрт тавина” хэмээн заасаар атал хувийн ашиг сонирхлоор хандаж байна.
Монголчуудын дунд элэгний өвчлөл өндөр, бараг л айл болгонд шахуу В, С вирустэй хүн оношлогддог гэхэд хилсдэхгүй. Судалгааны дүнгээр манай таван хүн тутмын нэг нь вирустэй гэдэг. Эмнэлэг, эмчид хандахаар элэгний вирусийн нэг эм бичиж өгнө. “Тэр эм ханган нийлүүлэх байгууллагын тийм нэртэй эмийг авч уу” хэмээн зөвлөнө. Вирустэй гэж оношлогдсон хүн тухайн газар нь очоод л ямар ч үнэтэй байсан хамаагүй эрүүл мэндийнхээ төлөө аваад ууна.
Угтаа эмч нар элэгний С вирустэй гэж оношлогдож буй хүнд “Софосбувир/Ледиспавир” хэмээн эмийнх нь олон улсын нэршлээр бичиж өгвөл ёс зүйн хэм хэмжээгээ баримталж буй гэж үзэж болох. Гэтэл манай эмч нар дээрх байдлаар бус, өөрт нь урамшуулал, авлига өгдөг эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирдэг эмийн нэрийг бичээд сууж буй нь Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох эрхэнд ноцтой халдаж байгаа гэсэн үг юм.
Эм ханган нийлүүлэх зарим байгууллага ёс зүйн алдаа гаргаж, өөрсдийн оруулж ирдэг эмийг бичүүлсний төлөө урамшуулал олгож байгаа нь иргэд, өвчтөний эрүүл мэндийг бодсондоо бус, ашиг хонжоо харсан явдал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Өнөөдөр манай улсад элэгний С вирусийн эсрэг эм импортолдог эм ханган нийлүүлэх 4-5 байгууллага байдаг. АНУ-ын “Гилеад Сайнсис” компанид үйлдвэрлэдэг, тус улсаас оруулж ирдэг оргинал “Харвони” эмийг “Омбол” компани оруулж ирдэг. Уг эмийн үнэ 300 ам.доллар.
Түүнээс гадна дээрхтэй ижил үйлчилгээтэй дөрвөн өөр нэртэй эмийг манайхан Энэтхэгээс оруулж ирж байна. “Монгол эм импекс” компани “Ледвир” гэх эм оруулж ирэн 525 мянган төгрөгөөр худалдаж буй. “Омбол”-ынхон оргинал “Харвони”-гоос гадна “Хепсипот ЛП” гэдэг эм импортлон 350 мянгаар борлуулж байгаа.
“Азифарм” компани “Ледипос” нэртэй С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг авчран 420 мянгаар зардаг. “Моносфарм”-ынхан “Верипас” гэдэг нэршилтэй эм оруулж ирэн 155 ам.доллароор худалддаг юм билээ. Дээрх дөрвөн эм үйлчилгээний хувьд ижил, С вирусийн эсрэг эмчилгээнд зориулсан. АНУ эм үйлдвэрлэх лицензээ Энэтхэгийн компаниудад худалдсанаар тус улсын эмийн үйлдвэрүүд өөр өөр нэрээр үйлдвэрлэж байгаа юм билээ.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд элэгний С вирусийн эсрэг 4-5 төрлийн эм оруулан ирээд хамаа замбараагүй л тарааж, борлуулж байна. Тэдний үйл ажиллагаанд ЭМЯ, МХЕГ хяналт тавьж ажиллахгүй бол дээрх нэр төрлийн эмнүүдэд дасалтай болж, дараачийн үе эм гарч ирэхээс нааш эмчлэгдэхгүй элэгний өвчтэй болох вий дээ.
Эмийн замбараагүй, хараа хяналтгүй хэрэглээ тун нь таарвал өвчнийг эмчлэх байх. Хэтэрвэл өвчний үүр л болгож болзошгүй. Тиймээс зөвхөн С вирусийн эмээр тогтохгүй, бусад төрлийн эмэнд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Бид өнөөдөр ардчилсан, хүмүүнлэг нийгэмд амьдарч байна хэмээн ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь хүнийхээ төлөө юу хийж байна вэ? Лав л эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх маань маш доод түвшинд байгаа. Мөнгөгүй, танилгүй бол хохь нь болж байна гэхэд хатуудсан болохгүй. Хэзээд ч, хэнийг ч ялгаварлахгүй эмчилнэ гэж тангараг өргөдөг эмч нар өнөөдөр ачаалал хэтэрсэн, харьяаллынх биш гээд зориод очсон өвчтөнөө хөөж туудаг, хүйтэн сэтгэлтэн болж хувирсан.
Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-ийнхөн нээлттэй хаалганы өдөрлөг хийсэн. 14.30 цаг болмогц үүдэнд нь дугаарлан суугаа хүүхдүүдийг үл ойшоон хаалгаа түгжин алга болж байв. Энэ мэт жишээ баримт эрүүл мэндийн салбарын доройтол, эмчийн ёс зүй маш ихээр алдагдсаныг илтгэнэ.
Тиймээс ЭМЯ-ны шинэ сайд, дарга нараар тогтохгүй Засгийн газар, УИХ-ын түвшинд анхааралдаа авахгүй бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр чинь хоосон амлалт л болоод үлдэх байх шүү.
Транспэрэнси интернэшнл монгол / 17/10/2016
Албан тушаалтан гадаадад өөрийн нэр дээр банкинд данс эзэмшихийг хоригложээ
Албан тушаалтан гадаадад өөрийн нэр дээр банкинд данс эзэмшихийг хоригложээ
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 10/10/2016
Хууль зуйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авилга,албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хандлага,эрс нэмэгдэж төрд итгэх иргэдийн итгэл буурчээ.
Иймд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах,төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх,нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулах,асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.
Тиймээс Авилгын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан гүйцэтгэх үедээ,эсхүл нийтийн албан тушаалд томилогдхоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх,ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ.Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх,хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байна.
Нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах,эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх,бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух,зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх,мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан аж.Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс-ээс мэдээллэв.
Транспэрэнси интернэшнл монгол / 10/10/2016
Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор данс эзэмших,компани байгуулахыг хориглоно
Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор данс эзэмших,компани байгуулахыг хориглоно
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 15/09/2016
Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 9-р сарын 14-нд боллоо.Хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор данс эзэмших,компани байгуулахыг хориглоно.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй,Дотоод хэргийн сайдад даалгалаа.
Төсөлд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө,орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдхоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,мөнгө хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.
Транспэрэнси интернэшнл монгол / 15/09/2016
Монголын Бизнесийн Зөвлөл, Ёс Зүйн Ажлын Хэсэг
Монголын Бизнесийн Зөвлөл / 14/09/2016
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Мэдээ, мэдээлэл / admin / 05/07/2016
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Судалгааны дүнгээр олон нийт улс төрийн намууд хамгийн их авлигад өртсөн гэж үзжээ
2016 оны 7-р сарын 7, Улаанбаатар хот – Азийн Сан, Сант Марал сантай хамтран жил бүр орон даяар явуулдаг “Авлигын талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох” 17-р судалгааны дүн гарлаа. Уг судалгааг Канадын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Азийн Сангийн хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явууллаа.
Энэхүү судалгааг өнөөдрийн байдлаар 17 удаа үндэсний хэмжээнд явуулж, авлигын талаарх нийгэм дэх ойлголт, хандлага, урт хугацааны өөрчлөлтийг судалдаг бөгөөд судалгааг түүврийн, ганцаарчилсан ярилцлагын аргаар явуулдаг. Судалгаагаар өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдол, иргэдийн авлигатай холбоотой төсөөлөл, бодит туршлага болон дээд түвшний авлигын талаарх ойлголт мэдлэгийг тандан судалдаг юм.
17 дахь удаагийн судалгааг өнгөрсөн 3-р сард гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, зургаан аймгийн 24 сумын нийт 1300 гаруй иргэд хамрагджээ. Энэ жилийн судалгаагаар авлига олон нийтийн хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа нь харагдсан бөгөөд оролцогчдын 65 хувь нь “авлига манай улсад тогтсон заншил болсон” гэж үзжээ. 2016 оны судалгааны үр дүнгээр улс төрийн хүрээний авлигын асуудал хурцаар гарч иржээ. 2006 оноос хойш хийгдсэн судалгаанд анх удаагаа авлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын нэгдүгээрт улс төрийн намууд орсон байна. Энэ жагсаалтыг газрын алба тасралтгүй тэргүүлж ирсэн юм. Өнгөрсөн жилийн судалгааны дүнтэй адил авлигад хамгийн их өртсөн таван байгууллагын гуравт нь улс төрийн намууд, УИХ, засгийн газар оржээ. Энэ гурвын байр 2010 оны судалгаанаас хойш тогтвортойгоор урагшилж ирсэн байна. Судалгааг урт хугацааны турш тогтмол явуулж байгаа нь авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөж, иргэдийн ойлголт, мэдлэгт гарч буй өөрчлөлт, хандлагыг харьцуулан харах боломжийг олгож байдаг юм.
Азийн Сангийн “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсрол болон хууль сахиулах салбарт салбарын нарийвчилсан судалгааг явуулна. Мөн 2012 оноос хойш “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааг явуулж хувшийн хэвшил дэх авлигын ойлголт, хандлагыг судалж байна. Эдгээр судалгаанууд Монгол улс дахь авлигын нөхцөл байдал, цар хүрээг илүү өргөнөөр харуулах боломжийг олгож байгаа бөгөөд судалгааны дүн зарлагдах бүрт авлига, ил тод байдал, хариуцлагын тогтолцооны тухай асуудалд анхаарал хандуулж, нөхцөл байдлыг сайжруулах арга зам, гарцуудын талаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ.
2016 оны судалгааны зарим үр дүнгээс:
- 2015 оны судалгааны үр дүнтэй адил судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь сүүлийн гурван жилд авлига нэмэгдсэн гэж үзэж байна (2015 онд 59 хувь, 2016 онд 58.8 хувь). Харин ирэх гурван жилд авлига багасна гэсэн өөдрөг үзэл нэмэгджээ. 2016 онд судалгаанд оролцогчдын гуравны нэг нь ирэх гурван жилийн хугацаанд авилга буурна гэж хариулсан бол (34.9 хувь) энэ тоо 2015 онд 24.4 хувь байжээ.
- Ажилтан, албан тушаалтны оролцоог багасгах шинэ техник, технологи нэвтрүүлэх мөн шинээр баталсан "Шилэн дансны хууль" зэргийг авлигын эсрэг үр дүнтэй санаачилга гэж үзжээ.
- Дээд түвшний авлига ямар нөлөө, хохиролтойг жирийн айл өрхүүд тодорхойлж төдийлэн чадахгүй хэвээр байна. Оролцогчдын тал гаруй хувь нь (48.1 хувь) дээд түвшний авлигын хэмжээг мэдэхгүй гэжээ.
- Өрхийн төлж байгаа жижиг хээл хахуулийн дундаж хэмжээ 2015 оны 3 дугаар сард 277,000 төгрөг байсан бол 2016 оны 3 дугаар сард 336,000 төгрөг болж өссөн байна.
- Хувийн хэвшил болон төрийн бус байгууллагад ажилладаг оролцогчид төрийн байгууллагын үйл ажиллагааг шударга бус гэж үзэх нь төрийн алба болон төрийн үйлчилгээнд ажилладаг оролцогчдоос хавьгүй өндөр байв.
Судалгааны дүнг танилцуулахтай зэрэгцээд Азийн Сан, Авлигатай Тэмцэх Газартай хамтран Хамтдаа - www.khamtdaa.mn цахим хуудасны нээлтийг хийлээ. Энэхүү вебсайт нь 2012 онд АОУХА болон Мерси Корын санхүүжилтээр анх хийгдэж байсан бөгөөд иргэдэд авлигын асуудалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл авах суваг болох зорилготой юм. Авлигын эсрэг, олон нийтийн соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төрөл бүрийн мэдээ, материал, судалгаа зэргийг оруулж байх боломжтойгоор энэхүү вебсайтыг шинэчилэн ажиллуулж эхэллээ. Иргэд мэдээллийг хялбар, ойлгомжтой байдлаар ангилж, шүүж авах боломжтой байдлаар хийгдсэн энэхүү вебсайт нь авлигатай тэмцэх холбоотой мэдээллүүдийг багтаасан цахим сан болох юм.
Азийн сан / 05/07/2016