
Мэдээ, мэдээлэл
Авлигаас урьдчилан сэргийлэх "Олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
Авлигаас урьдчилан сэргийлэх "Олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
Мэдээ, мэдээлэл / admintaf / 29/03/2017
Эх Сурвалж: http://ublegal.mn/decision/InfoDetail?information_...
Монгол Улсын Их хурлаас "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрт яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах "Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл"-ийг байгуулан ажиллахаар тусгасан билээ. Энэхүү зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхүүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой юм.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд дараах чиглэлээр ажиллана. Үүнд:
-Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учраалсан дүрэм журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих;
-Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих;
-Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих;
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн дэд зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
-Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн
-Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх
-Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллагаагүй байх
-Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй
-Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх
-Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол гишүүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах боломжтой.
"Олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүнээр ажиллах сонирхолтой иргэд Төрийн албан хаагчийн анкет бөглөж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөөнд авчирч өгнө үү. Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл явагдана
/ 29/03/2017
Нийслэл, дүүргүүдээс гаргасан бүх шийдвэрийг www.ublegal.mn сайтаас аваарай
Нийслэл, дүүргүүдээс гаргасан бүх шийдвэрийг www.ublegal.mn сайтаас аваарай
Мэдээ, мэдээлэл / admintaf / 28/03/2017
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=21100
Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд өнөөдөр Хангарди ордонд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдэд ажиллаж байгаа хууль, эрх зүйн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон МУИС-ийн судлаач багш нар урилгаар оролцож байгаа юм.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу www.ublegal.mn цахим хуудасны албан ёсны нээлт боллоо. Уг сайтыг шинэчлэн ашиглалтад оруулж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлэхдээ “Уг сангаас хуулийн мэргэжилтнүүд болон иргэд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдээс гаргаж байгаа захиргааны хэм хэмжээний актууд, бусад бүх шийдвэрүүдийг авах боломжтой. Азийн сангийн санхүүжилтээр хийгдсэн шийдвэрийн нэгдсэн сангийн албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг санг бүртгэлжүүлэх, хөтлөх ажлыг бид тодорхой журам боловсруулан, дагаж мөрдүүлэхээр журмын төслийн хэлэлцүүлгийг мөн өнөөдөр зөвлөгөөний үеэр хэлэлцэж байна.“ гэлээ. Нийслэл, дүүргээс гаргасан шийдвэр болон үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг мөн www.ublegal.mn сайтаас авах боломжтой юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэр ил тод нээлттэй байх, иргэдэд шуурхай хүрэхэд уг сайт чухал ач холбогдолтой гэдгийг хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ онцоллоо. Өнөөдрийн зөвлөгөөнөөр Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах болон зохицуулагдахгүй харилцаанууд, Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай аргачлал, журмын талаар Хууль зүйн яамны мэргэжилтнүүд сургалт явуулж байна гэж.
/ 28/03/2017
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 24/02/2017
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг хавсралтаар баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд даалгасугай.
/ 24/02/2017