
Мэдээ, мэдээлэл
2017 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2017 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Мэдээ, мэдээлэл / trans_2017 / 22/02/2018
2017 оны судалгаанд оролцсон улс орнуудын гуравны хоёроос илүү нь авлигын индекс оноо муу байна.
2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар 2018 оны 2-р сарын 22-нд үүсгэн байгууллагдсаныхаа 25 жилийн ойг тэмдэглэж буй Транспэрэнси Интернэшнл байгууллага зарлаж байна. Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч ихэнх улс орнуудын урагшлалт нь хэт удаан байна. Судалгаанаас харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн зургаан жилд ахиц дэвшил гараагүй байна.
Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө бага, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм нь нь сул хамгаалалттай орнуудад авлигын түвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байна.
Авлигын төсөөллийн индекс нь тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна.
Сүүлийн 6 жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улсууд буурчээ.
2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо нь сайжирсан боловч 62 улсын оноо буурч, авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89, 88 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд нь хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутаг болсон Баруун Европын орнууд нь дунджаар 66 оноотой бол хамгийн муу үзүүлэлттэй бүс нутагт Сахараас урагш Африк (дундаж оноо 32), Зүүн Европ, Төв Азийн улсууд (дундаж оноо 34) багтжээ. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ, оноогоороо дээгүүр жагссан улсууд нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институцтай байдлаараа сул оноо авсан байна.
Авлигад автсан улсад долоо хоног тутам сэтгүүлчид амиа алддаг
Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн үр дүнг цаашид авлигын түвшин, сэтгүүлзүйн эрх чөлөөг хамгаалах, иргэний нийгмийн оролцоог хамгаалах талаар судалж үзсэн байна. 2012 оноос хойш амь насаа алдсан сэтгүүлчид нь бүгд авлигад автсан авлигын индексийн оноо бага орнуудад амиа алдсан байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira өнөөдөр Берлин хотноо хэлэхдээ "Сэтгүүлч, сурвалжлагчид авлигын эсрэг дугарахдаа айдасгүй байх ёстой. Авлига өндөр орнуудад ихээхэн далайцтайгаар иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарыг нухчин дарж байгаа бөгөөд бид иргэний нийгэм ба хэвлэл мэдээллийг хамгаалж, илүү өргөн далайцтайгаар авлигын эсрэг дуугарах ёстой" гэж онцоллоо.
Сэтгүүлчдийг хамгаалах комиссын дүн шинжилгээгээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий даяар амиа алдсан 10 сэтгүүлчийн 9 нь Авлигын төсөөллийн индексээр 45-аас бага оноо авсан улсуудад амиа алджээ. Энэ нь дунджаар долоо хоног тутам дор хаяж нэг сэтгүүлч авлига ихтэй улсад амь насаа алдаж байна гэсэн үг. Үүнээс гадна нас барсан таван сэтгүүлчийн нэг нь авлигын тухай сэдвийг хөндсөн байжээ. Харамсалтай нь уг хэргүүдийн ихэнх нь шүүх байгууллага илрүүлэн ял оноогоогүй байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын дэлхий даяар 100 гаруй салбартайгаа хамтран ажилладаг туршлага нь авлигал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хоорондын уялдаа холбоог баталгаажуулдаг. Жишээлбэл, энэ жилийн индексээр 37 оноо авсан Бразильд сүүлийн зургаан жилд 20 сэтгүүлч нас баржээ. Орон нутгийн засаг захиргааны авлига, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлага хийж буй Бразилийн сэтгүүлчдийн амь нас өдөр тутам эрсдэлтэй учирч байна.
Авлига нь иргэний нийгмийн орон зайг багасгахад нөлөө үзүүлдэг
Транспэрэнси Интернэшнл байгууллага нь авлигын түвшин болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх, төрийн бодлогод нөлөөлөх эрх чөлөөний харилцан хамаарлыг авч үзсэн. Дэлхийн шударга ёсны (World Justice Forum ) төслийн судалгаанаас үзэхэд иргэний эрх чөлөөн дээр бага оноо авсан улс орнууд авлигын түвшин хамгийн өндөр буюу авлигын индексийн оноо хамгийн бага байна.
Иргэнийн нийгмийн байгууллагуудыг боомилохын тулд "Татан буулгах кампанит ажил явуулах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт аргуудыг хэрэглэж байна. Мөн иргэний нийгмийн оролцоог хязгаарлах хуулиудыг батлан гаргаж байна.
Унгар Улсын авлигын төсөөллийн индекс нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 10 нэгжээр буурсан ба 2012 онд 55 байсан бол 2017 онд 45 болсон нь Зүүн Европын иргэний нийгмийн орон зайг багасгах оролдлого хийсний бодит жишээ билээ. Унгарт саяхан боловсруулсан хуулийн төсөл нь ТББ-уудыг хязгаарлаж, тэдний хандив санхүүжилт авах үйл ажиллагааг хазаарлах зорилготой юм. Энэ хуулийг Унгарын парламент батлах ёсгүй. Энэ нь олон иргэний нийгмийг сүйрэлд хүргэж, оролцоог нь хязгаарлах болно. Бид ийм үйл ажиллагаа явуулж буй засгийн газруудад, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна хэмээн Транспэрэнси Интернейшнл байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira өнөөдөр Берлин хотноо мэдэгдлээ
Авлигын төсөөллийн индексийн тухай
Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас 1995 оноос хойш гаргасан Авлигын төсөөллийн индекс нь төрийн салбарын авлигын дэлхийн тэргүүлэх үзүүлэлт юм. Энэхүү индекс нь дэлхийн өнцөг булан бүрээс авсан улс орнуудын авлигын харьцангуй түвшинг жил бүр гаргаж өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org/research/cpi хаягаар орж үзнэ үү.
Авлигал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эв нэгдэл, эрх чөлөөний харилцан хамаарлыг харуулсан манай хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээнд Сэтгүүлчдийг хамгаалах сэтгүүл, Хил хязгааргүй сурвалжлагч, Ардчиллын төслийн төрөл зүйл, Дэлхийн шударга ёсны төсөл зэргээс цуглуулсан статистик мэдээллийг ашигладаг. Эдгээр байгууллагуудад бид талархаж байна.
Авлигын индекс юуг хэмждэг вэ?
· Тухайн оронд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
· Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
· ЗГ авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа
· Зориудаар хүнд сурталыг бий болгож, авлигыг дэмжиж байгаа эсэх
· Төрийн албанд томилгоо хийхдээ ур чадварыг үнэлдэг , эсвэл танил талын томилгоо хийж байгаа эсэх
· Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
· Хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрхзүйн орчин байгаа эсэx
· Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрхзүйн орчин байгаа эсэх
· Төрийн үйл ажиллагааны мэдээлэл иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх
· Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол
Авлигын индекс юуг хэмждэггүй вэ?
· Авлигатай нүүр тулсан иргэдийн авлигын үзэл бодол
· Татвараас зайлсхийсэн эсэх
· Хууль бус санхүүгийн гүйлгээ
· Тухайн улсын авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хэмждэггүй
· Мөнгө угаах гэмт хэрэг
· Хувийн хэвшлийн хоорондын авлига
Авлигын төсөөллийн индекс 2017
Товч мэдээлэл
· Транспэрэнси Интернэшнл байгууллагаас авлигын төсөөллийн индексийг (CPI) гарган зарлаж эхэлсэний 25 жилийн ой тохиож байна. Дэлхий даяар авлигатай тэмцэж байгаа боловч дийлэнх орны хувьд удаашралтай байна.
· Авлигатай тэмцэх үйл хэрэгт цаг хугацаа шаардагддаг. Зарим улс орны хувьд сүүлийн 6 жилийн хугацаанд ямар ч ахиц дэвшил гаргасангүй.
· Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтэнд хамрагдсан улс орнуудын гуравны хоёроос дээш улсууд 50-с доош оноо авч дунджаар 43 оноо авсан байна.
· Сүүлийн 6 жилийн хугацаанд, зарим улсын хувьд Авлигын төсөөллийн индексийн оноогоор Зааны Ясан Эрэг, Их Британи зэрэг орнуудын үзүүлэлт дээшилсэн бол зарим орны хувьд буурсан үзүүллэлттэй байна, жишээ нь Сири, Йемен,Австрали улсууд.
· Анхаарал татсан, түгшүүртэй нэгэн зүйл бол Авлигын индексийн дүн шинжилгээнээс харахад авлигын индекс бага орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаггүй, иргэний нийгмийн байгууллагуудын хамгаалалт сул байдаг байна.
Авлигын төсөөллийн индексийн онцлог
· Авлигын төсөөллийн индекс нь төрийн байгууллагуудын авлигын талаар дүн шинжилгээ хийж, 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрийг жагсаадаг бөгөөд бизнес эрхлэгчдээс 13 төрлийн судалгаа хийж, мэргэжлийн шинжээчид үнэлгээ хийж гаргадаг.
· Индексийг хэмжихдээ 0-c 100 оноогоор хэмжиж гаргана. Тоон үзүүлэлт өсөх тусах цэвэр авлигагүй улс байна. 0 оноо нь хамгийн их авлигалтай улс бөгөөд 100 оноо авсан улс нь маш цэвэр, авлигагүй улс байна.
· 2017 оны хувьд 81улс орны хувьд оноо нь сайжирсан боловч харьцуулахад 62 улс орны оны буурсан байна. Шинэ Зеланд болон Дани улсын хувьд 89, 88 оноо авч индексийг тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали улс хамгийн бага оноо буюу 14, 12, 9 оноо авсан.
Сэтгүүлчдийн эсрэг авлига ба хүчирхийлэл
· Бид энэ жил авлигатай холбоотой асуудлыг мэдээлэх олон нийтийн идэвхи зүтгэлтэн, сэтгүүлчид болон иргэний нийгмийн чадварыг гүнзгийрүүлэн судалсан. Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл олон улсад хөгжин дэлгэрч буй орчин цагт энэ төрлийн шинэ судалгаа явуулах нь цаг үеэ олсон, оновчтой юм.
· Авлигын төсөөллийн индексийн судалгааны үзүүлэлтээр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, иргэний нийгэмтэй хэлэлцүүлэг явуулдаг улс орнуудад авлигын түвшин бага байдаг байна. Харин эсрэгээрээ, иргэд, хэвлэл мэдээллийн дуу хоолойг хязгаарладаг улс орнуудын индексийн судалгааны үзүүлэлт тааруу дүнтэй гарчээ.
· Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарладаг орнуудад сэтгүүлчид мэдээ дамжуулснаар өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулдаг юм байна. Тухайлбал, олон сэтгүүлчид эрэн сурвалжилж байхдаа амь насаа алджээ.
· Сэтгүүлчдийг хамгаалах холбооноос хийсэн судалгаанаас үзвэл өнгөрсөн 6 жилийн хугацаанд авлигын төсөөллийн индекс дээр 45-аас бага оноо авсан улс орнуудад дэлхий даяар амь насаа алдсан 10 сэтгүүлч тутмын 9-с илүү нь амь насаа алджээ. 2012 оноос хойш амь насаа алдсан сэтгүүлчид бүгд авлига ихтэй улс орнуудад амь насаа алдсан байна. Энэ нь дунджаар долоо хоног тутамд 1 сэтгүүлч авлига ихтэй улс оронд амиа алдаж байна гэсэн үг юм.
· Таван сэтгүүлчийн нэг нь авлигын талаарх түүхийг хөндөж амь насаа алдсан бөгөөд харамсалтай нь эдгээр хэргүүдийн дийлэнх тохиолдолд шүүх шударга ёсыг тогтоож гэмтэнгүүдэд ял оноосонгүй.
· Манай байгууллагын дэлхий даяарх 100 гаруй орон дахь салбаруудаас ирсэн мэдээлэл ч үүнийг давхар нотолж байна. Энэ жилийн индексээр 37 оноо авсан Бразил улс сүүлийн 6 жилийн хугацаанд 20 сэтгүүлч амь үрэгджээ. Орон нутгийн засаг захиргааны авлига, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэж буй тэдний амь нас өдөр бүр эрсдэлд учирч байна.
Авлига ба Иргэний нийгмийн орон зай
· Транспэрэнси Интернэшнл байгууллага нь авлигын түвшин, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх, төрийн бодлогод нөлөөлөх, эрх чөлөөний хоорондын уялдаа холбоог авч үздэг. Энэ үнэлгээ нь иргэний эрх чөлөөний төлөө бага оноо авсан ихэнх улс орнууд авлигын түвшин өндөр байна.
· Тухайлбал, Унгар Улс сүүлийн 6 жилийн хугацаанд10 оноогоор буурч, 2012 онд 55 оноо авч байсан бол 2017 онд 45 оноо авч авлигын үзүүлэлт өссөн нь Зүүн Европ дахь иргэний нийгмийн орон зайг хамгийн их түгшээх жишээ болоод байна. Унгарт саяхан боловсруулсан хуулийн төслийг парламент батлавал энэ хууль нь ТББ-уудыг хязгаарлаж, тэдний хандивтай холбоотой үйл ажиллагааг хүчингүй болгох аюулд хүргэж болзошгүй юм. Энэ нь хандивийн санхүүжилтийн бүтцэд суурилсан ТББ-уудыг гадуурхаж иргэний нийгмийн орон зайг хазаарлах нөлөөтэй.
· Авлигын индексээр 30 оноо авсан Украйн Улсад авлигалын эсрэг тэмцэж буй идэвхитнүүд, ТББ-ууд, сэтгүүлчдийн эсрэг халдлагад өртөж байна. Өнөөгийн байдлаар иргэний нийгмийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон ба ихээхэн бэрхшээлтэй цахим мэдүүлгийн маягтуудыг бөглөхөд хүргэсэн. Энэхүү саад бэрхшээлийг зогсоохыг Украйны Засгийн газраас шаардаж байгаа бөгөөд уриалж байгаа засгийн газраас нь гаргасан амлалтууд байгаа хэдий ч эдгээр бэрхшээлүүд нь байсаар байна.
· Эсрэгээрээ,Зааны Ясан Эрэг улс нь авлигын эсрэг тэмцэлд ихээхэн дэвшил гаргасан бөгөөд Авлигын төсөөллийн индекс (CPI) үзүүлэлт дээр сүүлийн 4 жилд 9 оноо нэмж авч чаджээ. 2013 оноос 2017 оны хооронд 27 онооноос 36 оноо авч өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд 3 оноог иргэний нийгмийн оролцоо ба хэвлэлийн эрх чөлөөг нэмэгдүүлснээр авсан байна.
Авлигад иргэний эрх чөлөө яаж нөлөөлж байна
· Тухайн орны иргэний нийгмийн эрх чөлөө ба авлигын түвшин хоорондоо шууд хамааралтай бөгөөд дэлхийн олон оронд тулгамдсан асуудал хэвээрээ байна.
· Сэтгүүлчид эрэн сурвалжлах явцдаа амиа алдаж байгаа бол иргэний идэвхитнүүд авлигын эсрэг дугарахаас эмээж байна. Эрх мэдэлтнүүд ял шийтгэл хүлээхгүйгээр авлигыг өөгшүүлж, хүчирхийллээ үргэлжлүүлсээр байна.
· Авлигын түвшин өндөр орнуудад эрх баригчид авлигын эсрэг дугарч буй бүхнийг нухчин дарж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх ёстой төсвийн хөрөнгийг завшсаар байна.
Зөвлөмж
· Төр, Засаг болон бизнесийн салбарынхан чөлөөтэй ярих, бие даасан хэвлэл мэдээлэл, улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх мөн иргэний нийгмийг оролцуулах зэргээр зайлшгүй дэмжих үүрэгтэй.
· Иргэний нийгмийн зүгээс шийдвэр гаргагчид болон засгийн газруудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Иргэний нийгмийн орон зай сул, иргэдийн оролцоо сул, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан улс орнуудад авлигын эсрэг тэмцэх боломжгүй байдаг.
· Улс орнууд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллахдаа зорилт тус бүр дээр авлигын асуудлыг онцлох ёстой. Мөн 2030 онд Тогтвортой Хөгжлийн Зорилтыг биелүүлэхдээ авлигыг бууруулах зорилгоор илүү их арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.
· Авлигыг бууруулж чадсан орнууд тухайлбал Их 20 болон ЭЗХАХБ(OECD), НҮБ нь улс орнууд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг илүү нээлттэй, чөлөөтэй байлгахад туслах чиглүүлэх хэрэгтэй.
· Авлигын индексээр тэргүүлэгч авлигыг бууруулж чадсан орнууд нь авлига өндөр орнуудаас авлига нэвтрэхийг зогсоохын тулд орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг хянадаг байх ёстой. Түүнчлэн авлигын индекс оноо өндөр орнууд авлига индексийн оноо бага, авлига ихтэй орнуудад авлигын эсрэг тэмцэхэд нь техниийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой.
Авлигын индекс ба Монгол Улс
Энэхүү Авлигын индекс бол Монгол улсын хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал ба шүүх засаглалыг дэлхийн экспертүүдийн үнэлсэн үнэлгээ юм.
Монгол улсын мэдээллийн эх үүсвэр байгууллагууд
1.World Bank Country Policy and Institutional Assessment 2017- Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2017 онд
43 оноо авч 4 оноогоор буурсан (2016 онд 47, 2015 онд 47 )
Зөвлөмж - 43 оноо авч 4 оноогоор буурсан нь шийдвэр гаргагч нарт хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.
2. World Economic Forum Executive Opinion Survey 2017-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
30 оноо авч 8 оноогоор буурсан (2016 онд 38, 2015 онд 42 )
1. Бизнес хийхийн тулд хахууль аль нөхцөлд өгдөг эсэх
2. Тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завших боломжтой эсэх
Зөвлөмж - 30 оноо авч 8 оноогоор буурсан нь бизнэсийн орчин дахь авлигын эрсдлийг бууруулах шаардлагатайг харуулж байна.
3.Global Insight Country Risk Ratings 2016- Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
35 оноо авч 12 оноогоор буурсан (2016 онд 47, 2015 онд 42 )
Зөвлөмж - 35 оноо авч 12 оноогоор буурсан нь төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд зохиомол бэрхшээл учруулж авлигын орчинг бий болгохыг бууруулах шаардлагатай.
4. Bertelsmann Foundation Transformation Index 2017-2018 Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
41 оноо авч 5 оноогоор өссөн (2016 онд 36, 2015 онд 36 )
1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг
Нэг улсад 2 мэргэжилтэн ажиллаж тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргадаг. Шалгуурын оноог тухайн улсын ‘шинжээч’ гаргадаг, үүний дараа 2 дахь шинжээч дахин оноог дүгнэдэг.
Дараа нь бүсийн шинжээч баталгаажуулдаг.
Үнэлгээний асуултууд: (1-10 оноо)
- (1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.
- (10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг.
- (1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан.
- (10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.
Зөвлөмж - 41 оноо авч 5 оноогоор өссөн нь АТГ 2016-2017 онуудад шалгасан болон шийдвэрлэсэн авлигын хэргүүд өсч засгийн газарт авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзлэл бий болсныг илэрхийлсэн эерэг үзүүлэлт боллоо. Цаашид АТГазрыг бүх талаар улам бэхжүүлэх шаардлагатай. Засгийн газар авлигын эсрэг үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх ёстой.
5. IMD World Competitiveness Yearbook 2017- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
33 оноо авч 2 оноогоор буурсан (2016 онд 35, 2015 онд 37 )
Зөвлөмж - 33 оноо авч 2 оноогоор буурсан нь баялгийг бүтээгч компаниудыг дэмжих чөлөөт өрсөлдөөнийг бий болгож бизнесийн орчинг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2017 – 2018-Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
36 оноо 2 оноогоор буурсан (2016 онд 38, 2015 онд 35)
Хуулийн засаглалын үзүүлэлт
World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг.
Шалгуур: 53 асуулт 4 үндсэн бүлэгтэй:
- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;
- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх;
- Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг.
- 0-100 оноогоор үнэлдэг.
Зөвлөмж -36 оноо авч 2 оноогоор буурсан нь хуулийн засаглалд дахь шударга байдлын үнэлгээ юм. Улс төрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай. Хуулийн засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2017- Улс орнуудын эрсдлийн гарын авлага
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
32 оноо авч оноо өөрчлөгдөөгүй (2016 онд 32, 2015 онд 31)
Зөвлөмж - 32 оноо авч оноо өөрчлөгдөөгүй боловч улс төрийн намуудын авлига, санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм ( crony capitalism ) тогтолцоог устгах шаардлагатайг харуулж байна.
8. Varieties of Democracy (V-Dem) 2017- Улс орнуудын ардчиллын хэмжүүр
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
35 оноо авч 1 оноогоор дээшилсэн (2016 онд 34, 2015 онд байхгүй)
Зөвлөмж 35 оноо авч 1 оноогоор дээшилсэн ба иргэдийн оролцоо хяналттай ардчиллын тогтолцоог бэхжүүлсэнээр оноо өсөх боломжтой.
9. Economist Intelligence Unit Country Risk Service 2017- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд
37 оноо авсан оноо хэвээр (2016 онд 37, 2015 онд 38 )
Зөвлөмж - 37 оноо авсан оноо хэвээрээ ба төсвийн зарцуулалтыг ил тод хариуцлагатай болгож төрийн албаны томилгоог ур чадвар мерит зарчмаар явуулсанаар оноо нэмэгдүүлэх боломжтой.
Транспэрэнси Интернэшнл Байгууллагын зөвлөмж
Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд, 2017 онд 36 оноотой 103 байранд орсон байна.Сүүлийн 5 жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийхгүй байгаатай холбоотой байна.
1.World Bank Country Policy and Institutional Assessment 2017 - Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээгээр 43 оноо авч өмнөхөөс оныхоос 4 оноогоор буурсан нь шийдвэр гаргагчдын хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
2. World Economic Forum Executive Opinion Survey 2017 - Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаагаар 30 оноо авч өмнөх үеэс мөн 8 оноо буурсан нь бизнэсийн орчин дахь авлигын эрсдэл өндөр байгааг энэ чиглэлд дэвшил гаргах ёстой.
3. Global Insight Country Risk Ratings 2016 - Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ судалгааны дүнгээр 35 оноо авч өмнөхөөс 12 оноогоор буурсан нь төрийн байгууллагууд бизнэс эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцлийг үүсгэж байгааг анхааралдаа авч, бизнесийн үйл ажиллагаанд элдэв саад тотгор, чирэгдэл хүнд суртлыг бууруулах шаардлагатай юм.
4. Bertelsmann Foundation Transformation Index 2017-2018 - Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индексээс 41 оноо авсан нь өмнөхөөс 5 оноогоор өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь АТГ 2016-2017 онуудад шалгасан болон шийдвэрлэсэн авлигын хэргүүдийн тоо өсч засгийн газарт авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзлэл бий болсныг илэрхийлж байна. Азийн орнуудад авлигатай тэмцэхэд дэвшил гаргасан нэг гол хүчин зүйл нь авлигатай тэмцэх байгууллагаа бэхжүүлэх ирсэн явдал юм. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж, Авлигын эсрэг хууль зүйн орчинг боловсронгуй болгон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын уг үндсээр нь устгаж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг онцолж байна.
5. IMD World Competitiveness Yearbook 2017- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар 33 оноо авч, өмнөхөөс 2 оноогоор буурсан нь баялаг бүтээгч компаниудыг дэмжих чөлөөт өрсөлдөөнийг бий болгож бизнэсийн орчинг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Төрийн бодлого үйл ажиллагаа тогтворгүй байсны улмаас гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж, дотоодын бизнесийн салбарт сөргөөр нөлөөлж Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж, авлигын эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, худалдан авалтын үйл ажиллагаанд ил тод болон үр ашигийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2017–2018 - Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс 2 оноогоор буурч, 36 оноо авсан нь хуулийн засаглалд дахь шударга байдлын үнэлгээ буурсныг харуулж байна. Улс төрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай. Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2017- Улс орнуудын эрсдлийн гарын авлага судалгааны дүнгээр 32 оноо авсан нь өмнөх онынхоос оноо өөрчлөгдөөгүй боловч улс төрийн намуудын авлига, санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм (crony capitalism) тогтолцоог устгах шаардлагатай байгааг харуулж байна.
8. Varieties of Democracy (V-Dem) 2017- Улс орнуудын ардчиллын хэмжүүр судалгаагаар 35 оноо авч өмнөх оноос 1 оноогоор ахисан нь иргэдийн оролцоо, хяналттай ардчиллын тогтолцоог бэхжүүлсэнээр оноог өсгөх боломжтойг харуулж байна.
9. Economist Intelligence Unit Country Risk Service 2017- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаагаар 37 оноо авсан бөгөөд өмнөх судлагааны оноо хэвээрээ ба төсвийн зарцуулалтыг үр ашигтай, ил тод хариуцлагатай болгох, төрийн албаны томилгоог ур чадвар мерит зарчмаар явуулсан явуулж хэвшсэн тохиолдолд судалгааны оноог нэмэгдүүлэх боломжтой.
Ерөнхий зөвлөмж
1.Хууль тогтоох засаглал
Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлсөн бас нэг шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүхийн байгууллагуудын хараат бус байдал суларч байгаа нь сөргөөр нөлөөлж нөлөөлж байна. Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг сулрахад хүргэж байна. Хууль тогтоох байгууллага нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм ( crony capitalism ) бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх ёстой. Шүгэл үлээгч нарыг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улс төрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын ардчиллыг сонгуулийн ардчиллаас сонгуулийн дараахь иргэдийн оролцоо, хяналт зөвшилцөлийн ардчилал болгон төлөвшүүлэхэд шаардлагтатай хууль зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй.Улс төрийн намуудын ба санхүүжилт хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж байна. Дээр дурдсан асуудал тус бүр дээр шаардлагатай хууль зүйн орчинг боловсронгуй болгох хуулиудыг батлан гаргах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.
2.Гүйцэтгэх засаглал
Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал байна. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох шаардлагатай байна. АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.
3. Шүүх Засаглал
Дэлхийн Шударга Байдлын Төслийн үнэлгээнд дурдагдсан Шүүгч ба Прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагтай байгааг онцолж байна.
4.Иргэний нийгэм
Залуус болон иргэдийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх, технологийн дэвшилийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх нь чухал байна. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдэх ёстой, Шийдвэр гаргагч нарт тавих иргэдийн эгэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд иргэн бүр идэвхтэй оролцож шаардлагтай үед холбогдох байгууллагт мэдээлэх ёстой.
Транспэрэнси интернэшнл монгол / 22/02/2018
Машин угаалга #5
Машин угаалга #5
Мэдээ, мэдээлэл / admintaf / 07/11/2017
“МАШИН УГААЛГА” цуврал нийтлэл #5 төгсгөлийн хэсэг
Авлигын пирамидын орой
Ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силва бол бразилчуудын бахархал. “АНУ-д Обама байгаа бол бидэнд Лула бий” хэмээн домогт хөл бөмбөгч Пеле хэлж байсан удаатай. Тэд Лулагаа Бразилийн Нильсон Манделотой зүйрлэнэ. Лула 1945 оны 10-р сарын 25-нд найман хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон мэндэлжээ. Багаасаа гудамжинд хар бор ажил эрхлэн амь зогоож өссөн түүнд системтэй боловсрол эзэмших боломж гарсангүй. Идэр залуу насандаа үйлдвэрийн ослоор хуруугаа тасдуулсанаас хойш Үйлдвэрчний эвлэлд хамрагдан ажилчдын эрх ашгийг хамгаалан тэмцэх болжээ. Чухам энд л тэрээр эзэдтэй яриа хэлэлцээрт орж, олон нийттэй харилцан, жагсаал тэмцэл зохион байгуулах чадварт суралцан өөрийгөө нээсэн гэдэг. Лула маш сайн зохион байгуулагч, уран илтгэгч төдийгүй маргаан зөрчлийг шийдвэрлэн тохиролцоо хийхдээ гаргуун нэгэн. Хөдөлмөрчдийн намын нэрийн өмнөөс гурван удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон ч үл цөхрөн дөрөв дэхь удаагаа өрсөлдөн сонгогдож 2003 оноос 2011 он хүртэл хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр амжилттай ажилласан түүхэн хүн юм.
Лулаг Бразил төдийгүй дэлхий дахинаа мэднэ. Ерөнхийлөгч Лула нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан “Лулизм” урсгалыг улс төрд оруулж ирсэн гэдэг. Түүний санаачилгаар гэр бүлийг дэмжих “Болса Фамилиа”, өлсгөлөнг тэглэх “Фоме Зеро” хөтөлбөрүүд хэрэгжиж, хүүхдүүдээ сургуульд оруулж, вакцинд хамруулах болзолтойгоор ядуу гэр бүлд бэлэн мөнгө, хоолны талон олгож байв. Мөн “Миний гэр, миний амьдрал” хөтөлбөрөөр олон зуун ядуучуудыг орон байртай болгосон түүнд бразилчууд хайртай байхаас ч өөр аргагүй. Лулагийн нэр хүнд олон улсад ч өссөн ба 2010 оны “Тайм” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 улс төрчдийн нэгээр шалгарч байв. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах найман жилд Бразил Улс дэлхийн найм дахь эдийн засаг болон хүчирхэгжиж 2014 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны Олимпийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан гайхам түүхтэй.
Гэхдээ энэ бүхний цаана эргэлзээ төрүүлэхүйц олон асуудал нуугдана. Ядуурлаас гаргах хөтөлбөрүүд болон Дэлхийн хөл бөмбөгийн ба Олимпийн бүтээн байгуулалтыг бүгд л “16 Клуб”-ынхан төртэй гэрээлэн гүйцэтгэсэн байдаг. Арай тэднийг санхүүжүүлэх гэж энэ бүхнийг бодож олсон юм биш байгаа гэлтэй. Эцсийн дүндээ Лула хэний төлөө ажилласан хэрэг вэ? Тэр үнэхээр ард түмнийхээ төлөө зүтгээ юу, эсвэл өөрийнхөө нэр төрийг мандуулан бадрааж, эрх мэдлээ бататган тогтоохын төлөө ядуусын хайртай эцгийн дүрд тоглоо юу? гэсэн асуулт өнөөг хүртэл маргаан дагуулж, олон нийтийг хуваасаар л байна.
Ард түмэн хайртай хүндээ хэр барагтай бол хир халдаахыг хүсдэггүй бололтой. Лулагийн авлигатай орооцолдсон явдал Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний үеэс л нийтэд ил болоод байв. Гэсэн ч 2006 оны сонгуулиар түүнийг дахиад л сонгожээ. Тэр ч бүү хэл 2011, 2014 онуудад түүний гарынх нь хүн буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Дилма Руссефийг удаа дараалан сонгосон билээ. Лула ч сонгуулийн сурталчилгаанд нь өөрийн биеэр зүтгэж “Та нар надад итгэдэг шигээ Дилмад итгээрэй” хэмээн олон түмнийг хошууруулж явлаа.
2016 оны эхээр “Машин угаалга” ажиллагааны явцад Лулагийн авлигатай холбоотой хэрэг сүрхий илчлэгдээд эхлэх үед тэрээр сандран Ерөнхийлөгч Дилмагийн Тамгын газрын даргаар томилогдчихсон удаатай. Улс төрийн дархлаатай албан тушаалд очсон түүнийг хэвлэлээр “Лула хүү Дилма охины хормойн дор ороод нуугдчихлаа” хэмээн шоглон зурж байв. Харамсалтай нь хуулийн байгууллагаас томилгоог хүчингүй болгосноор Лулагийн дүүжигнэж үлдсэн сүүлчийн олс ганцхан хоногт тасарчихав.
2016 оны 3-р сарын 4-нд Лулагийн гэрт нэгжлэг хийж, түүнээс мэдүүлэг авчээ. Лулагийн эзэмшдэг хоёр байр нь түүний дотны найз Бумлайн нэр дээр байдаг ч Лулагийн хөрөнгө болохыг шүүгч Моро тогтоон олон нийтэд мэдээлсэн байна. Мөн Лулагийн эхнэрийн нэр дээр ч багагүй хөрөнгө гарч ирлээ. Лулагийн нэрээр нэрлэгддэг “Лула Институт”-д хийсэн санхүүгийн аудитын шалгалтаар хууль бус гүйлгээ удаа дараа хийж байсан нь тогтоогджээ. Хүүхдүүдийнхээ эзэмшдэг компани руу 1,3 сая реалын төлбөр хийсэн баримт нь ч олдов.2011-2014 оны хооронд “16 Клуб”-ээс 35 сая реал Лула институтад шилжсэн байсныг мөнгө угаах гэмт хэргийн илрэл хэмээн Прокурорын газраас үзжээ.
Түүнээс хойш жил гаруйн дараа буюу 2017 оны 5-р сарын 11-нд Моро шүүгч Лулаг дуудан таван цаг байцаалт аваад мөн суллажээ. Эл өдөр Лулаг хамгаалсан иргэдийн жагсаал Куритивад өрнөсөн бөгөөд байцаалтаас гарч ирсэн Лула тэдний өмнө үгээ хэлж, нэр хүндээ улам өсгөөд амжив. Тэрээр 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ч зарлаж буй. Тиймээс өөрийнх нь эсрэг энэ мэт улс төрийн явуулга зорилготой хийгдэж байна хэмээн мэдэгдсээр байгаа билээ.
Сүүлийн үеийн судалгаагаар ялангуяа ядуурал ихтэй хойд нутгаар Лулагийн нэр хүнд өндөр хэвээр байгаа мэдээ байна. Магадгүй, ард түмэн нийгмийн халамжаа санагалзаа биз.
Хааяа шүүгч Моро эргэлзэнэ. Тэрээр бага залуу наснаасаа 1990 оны эхээр Италид өрнөсөн авлигын эсрэг “Цэвэр гар” операцийг сонирхон судалж ирсэн. Хуулийн байгууллага улс төрийг тухайн үеийн авлигачдаас чөлөөлсөн ч үр дүнд нь өөр нэг авлигач Силвио Берлускони Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон нь тун харамсалтай. Тиймээс “Машин угаалга” зорилгодоо хүрч, зад угаалаа ч гэлээ бохирдсон улс төрийн чанарыг сайжруулж чадах болов уу гэдэг асуудал сэтгэл зовоосон хэвээр үлдлээ. “Миний ажил бол үнэн зөвийг шүүн тогтоох, харин улс төрийг би мэдэхгүй” хэмээн Моро хариулдаг. Үнэхээр тийм л дээ. Шүүгч хүн авлигач улс төрчдийг цээрлүүлэн шоронд хорьж чадна, харин шударга улс төрчдийг Парламентад суулгаж чадахгүй.
Моро шударга ёсыг тогтоохын төлөө амь насаараа дэнчин тавин ажилласан нь үнэн. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг зав хомсдож, хүүхдүүдтэйгээ хамт салхилах, дугуйгаар явах, эхнэртэйгээ гадуур хооллохоо ч болиод удаж байгаа. Такси дуудах нь байтугай машинаа жолоодохоо ч больжээ. Түүний гэрт хамгаалагч нар өдөр, шөнөгүй ээлжлэн харуулд гарна. Тэрээр өдөр бүр таашаал авдаг хувийн эрх чөлөө, орон зайгаа бүгдийг золиослон байж зүтгэсэн. Харин үр дүн... яаж гарах бол???
“Машин угаалга”-ын үр дүнг үнэлшгүй. Дээд шүүхийн шүүгч Теори Заваскийн хэлснээр “Дэлхийн аль ч оронд байгаагүй схемжсэн улс төрийн хулгайг илрүүлсэн юм”. Мэдээж үр дүнг нь нийт бразилчууд хүртэнэ. Бас ирээдүй хойч үе нь талархаж явах биз ээ.
“Машин угаалга” номын эхний дэвтэр ийнхүү өндөрлөж байна. Мэдээж, удаах дэвтэр бичигдэж байгаа. Гэхдээ дараагийн номыг үл хүлээн, сүүлийн жилд ямар үйл явдал өрнөснийг энд цухас дурьдсугай.
“Машин угаалга” ажиллагааны гол гогцоо хүн, мөнгө угаах гэмт хэргийн их мастер Алберто Иойссеф үнэнээ мэдүүлэн, ялаа хөнгөлүүлж чаджээ.
-Та шоронгоос гараад мөнгөгүй хэрхэн амьдрах билээ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр
-“Мөнгө бол сонин биш, орж л байдаг, гарч л байдаг. Хэрвээ надад мөнгө хэрэгтэй бол хуушуур зараад ч амьдралаа эхлүүлж чадна. Миний багадаа сурсан ажил. Харин Бразилийн мөнгөтэй нь ялдаг сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй цагт мөнгө угаах энэ мэт схемийг үндсээр нь таслан зогсоож чадахгүй. Улс орон ч хөгжин дэвших арга зам байхгүй. Надад шүүгч Мород өширхсөн зүйл байхгүй харин ч түүнийг үнэлдэг. Би буруу зүйл хийсэн тул шоронд орсон нь үнэн. Энэ бол зүгээр л тоглоом. Амьдралын энэ мэт тоглоомд оролцож сурсан хүмүүс бол юу ч тохиолдож болзошгүй гэдгийг угаас мэддэг. Хэдийгээр миний эсрэг ч гэсэн хуулийн багийнхан үнэхээр сайн ажилласан” хэмээн хариулсан гэдэг. 2016 оны 5-р сард шүүгч Сержио Моро “Тайм” сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 100 манлайлагчдын нэгээр шалгарсан бөгөөд тухайн үед түүнд байцаагдаж байсан Иойссеф баяр хүргэж, гар барьсан удаатай.
2016 оны 3-р сарын 7-нд “16 Клуб”-ын нөлөө бүхий гишүүн, Одобрешт группын үе дамжсан эзэн Марсело Одобрешт Петробрас ТӨК-ийн удирдлагууд болон улс төрчдөд 30 сая ам.долларын хахуул өгсөн хэргээр 19 жилийн ял авчээ.
Бразилийн Дээд шүүхийн шүүгч Теори Заваский 2017 оны 1-р сарын 19-нд онгоцны ослоор эндэн зуурдаар нас барсан байна. Тэрээр 200 гаруй улс төрчид, бизнесийн толгойлогч нарын хэргийг шүүж байсан юм. Түүний осол санамсаргүй тохиолдол байгаагүй хэмээн үзэх хүмүүс ч бий.
Ерөнхийлөгч Дилма Руссефийг огцорсоны дараа халааг авсан Ерөнхийлөгч Мишел Темер хүртэл нэг бус авлигын хэрэгт орооцолдоод буй. Бразилийн махны аварга үйлдвэр “JBS”-ийн удирдлагуудаас хэдэн сая ам.доллар авсан гэх ба тэдний хоорондын утасны яриа ч олон нийтэд ил болжээ. Гэсэн ч Темер энэ бүхнийг үгүйсгэсээр байгаа. Тэрээр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, үлдсэн хугацаанд улс төрийг тогтворжуулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Бразилийн эдийн засаг ч сэргэж байгаа сайхан мэдээтэй.
Харин ядуусын хайртай эцэг, Ерөнхийлөгч асан Лула да Силва тун саяхан Сержио Мород шүүгдэж 9,5 жилийн ял авчээ. Тэрээр улс төрийн зорилготой, хуурамч хэрэгт хилсээр яллагдсан хэмээн үзэж байгаа тул түүний өмгөөлөгчид дээд шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдээд буй.
Төгсгөлийн оронд
Бразил Улс 200 гаруй сая хүнтэй, 8,5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ ч, хүн амын тоогоороо дэлхийд айргын тавд ордог том гүрэн.
Манай хоёр орны газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн цар хүрээ ялгаатай ч бидэнд ижил төстэй зүйлс олон бий. Юуны өмнө ардчиллын замаар шинэ тутам замнасан бөгөөд засаглалыг бэхжүүлэх, авлигыг бууруулах, ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах тал дээр харилцан суралцах зүйлс асар их. Өөрөөр хэлбэл манай хоёр улс яг л адилхан зовлонтой мэт санагддаг.
Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн хэлэх дуртай. Эв нэгдэл гагцхүү шударга ёсон дээр суурилж байж тогтвортой, бат бэх байдаг. Харин ардчилсан нийгэмд хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахин мануулах үүргийг шүүх хүлээдэг. “Хараат бус” шүүхийн засаглалтай улс оронд авлигачид оршин тогтнох боломжгүй. Шүүх нь нийтийн эрх ашгийг хамгаалан, авлигачдыг цээрлүүлээд эхлэхээр ард түмэн ч гэсэн “шударга” шүүгчдээ хамгаалаад эхэлдэг юм билээ.
“Машин угаалга” операци богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрч байгааг нүдээр харж, биеэр мэдэрсэн хүний хувьд авлигын эсрэг ийм нэгэн амжилттай тэмцлийг Та бүхэнтэйгээ хуваалцахыг зорьсон билээ. Хэрвээ уншигчдын сонирхлыг татах аваас “Машин угаалга” номыг Монголд хэвлүүлж болохыг дуулгахын сацуу тус номыг бүрэн эхээр нь португаль хэлнээс хөрвүүлэхийг зорьж буй дипломатч Ц.Өнөржаргалд талархах нь зүйтэй болов уу. Мөн түүнчлэн тус номын зохиогч Владимор Нето, шүүгч Сержио Моро нарыг урин туршлагаас нь хуваалцах боломжтойг ч дуулгахад таатай байна.
Эцэст нь өгүүлэхэд Монголын хэвлэл мэдээллээр шуугиад байгаа оффшор данстай төрийн өндөр албан тушаалтнууд, 60 тэрбумаар төрийн албыг худалдах тухай төлөвлөгөө ... яг л мөсөн уулын орой мэт ил нэг гарч, далд нэг ороод байх шиг... Монголын ард түмэн мөсөн уулын их биеийг харж чадахгүй байгаа ч өдрөөс өдөрт мэдэрсээр байгаа билээ. Авлигад автсан төрдөө бухимдсаар буй иргэдийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, үнэнийг илчлэх Сержио Моро шиг эр зоригтой, шударга шүүгчид эх оронд минь олон буй гэдэгт миний бие итгэдэг. Монголын ард түмэн авлигын эсрэг эвлэлдэн нэгдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ч.Сосормаа
/ 07/11/2017
Машин угаалга #4
Машин угаалга #4
Мэдээ, мэдээлэл / admintaf / 06/11/2017
"Машин угаалга" цуврал нийтлэл #4
Шорон хүнийг өөрчилдөг
“Машин угаалга” операцийн долоо дахь ажиллагаа эхлэв. 2014 оны 11-р сарын 14-нд Холбооны 300 цагдаа, санхүүгийн хяналтын хорооны 50 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч нэг өдөр нэжгээд компаниудын захирлыг баривчлав. Нийт 49 аж ахуйд нэгжлэг хийж, 29 сая реалтай тэнцэх мөнгийг дансанд нь царцаан 25 хүнийг хорьжээ. Ихэнх нь улс орондоо толгой цохих баячууд байлаа. Тэдний дотор “16 Клуб”-ын долоон компаний захирлууд оржээ. Тэд Петробрастай хийсэн 60 тэрбум реалын гэрээнд сэжиглэгдээд байлаа. Петробрас ба эдгээр компаниудын хооронд мөнгө угаах үүргийг “Зөвлөх” нэртэй компаниуд гүйцэтгэдэг болохыг гэрчүүд баталгаажуулсан байдаг. Зөвлөх компанийн үйлчилгээг үнэлэх эсвэл хэмжих хэмжүүр байхгүй тул ийм нэртэй компаниар дамжин бохир мөнгө байнга эргэлдэнэ. Үүнийг батлах ганцхан жишээ дурьдахад 2009-2013 оны хооронд эдгээр зөвлөх компаниудад 500 сая реал шилжжээ. Энэ тоо цаашид ч улам өсөх нь дамжиггүй.
Захирлууд баривчлагдах үедээ гайхалтай тайван байв. Тэд өөрсдийгөө удахгүй суллагдана гэдэгт итгэлтэй байсан биз. Харин тусгай онгоцонд тэдний хувцасыг тайлуулан, биед байгаа бүхнийг хураамагц ихэд эвгүйрхсэн гэдэг. Нүцгэн шахуу биендээ таар нөмрөн гавлуулсан хүмүүс үүрийн таван цагт Куритива хотод буув. Урьдчилан хорихын өрөөндөө орохоос өмнө тэдэнд шүдний оо, сойз бас цамц өгчээ.
Захирлуудыг олноор хорих болсон тул шоронгоо зайчлан хар тамхины хэрэгтэй хоригдлуулыг өөр мужийн шорон уруу шилжүүлсэн байв. 12 шоо дөрвөлжин нэг өрөөнд дөрвөн хүн хоригдоно. Унтах дэвсгэр, бяцхан ширээ, бие засах өрөө тэгээд л болоо. Чийг ихтэй тул угаасан хувцас мөддөө хатахгүй. Бүх хоригдлуудын дунд хоёрхон шүршүүртэйгээс усанд орох гэж дугаарлана. Бусад хоригдлуудтай адил хар шоштой будаа, тахианы мах төдийгөөр голоо зогооно.
Насаараа тансаг хэрэглээнд дассан баячууд балмагдан цочирдов. Хоёр нь уйлж, нэгний даралт өндөрсөж, нөгөө хэд нь таг дуугүй гөлийн сууна. Тамхи татдаг нөхөрт тэвчих нь маш хүнд байлаа. Маргааш нь тэдний өмгөөлөгч нар ирж, хамгийн үнэтэй дэлгүүрийн тансаг дотуур хувцас авчирч өгцгөөсөн аж. Харин захирлуудын хамгийн түрүүнд гуйсан зүйл бол унших ном. Чингээд тун удалгүй тус хорих анги хамгийн үнэтэй, сонгодог номын сантай болов.
Бразилийн магнай компаниудын удирдлагуудыг олноор нь баривчилсан анхны тохиолдол энэ бөгөөд нэр хүндтэй компаниудын бизнесийг гацаан улмаар эдийн засгийг боомилж, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэх аюултай хэмээн зарим хэвлэлээр шүүмжилж эхэллээ. Эдгээр захирлуудын удирддаг аж ахуйн нэгжүүд ойролцоогоор сая орчим ажлын байрыг бүрдүүлдэг байсан нь тэдний өөрсдийгөө хамгаалах хамгийн сүүлчийн зөвтгөл байсан бололтой.
Удалгүй шүүгч Морогийн гараас амархан мултрахгүйгээ мэдмэгц үлдсэн компанийн захирлууд сайн дураар мэдүүлэг өгөхөөр Куритивыг зорьж иржээ. Үе дамжсан бизнесийн магнат Сержио Мендез гэхэд баривчилгааны онгоцонд гавлуулан очихоос эмээн өөрийн тансаг онгоцондоо суун Куритива руу нисэн очиж мэдүүлгээ өгсөн байдаг.
Тэдэнд бүх үнэнээ мэдүүлэн, ялаа хөнгөлүүлэх ганцхан боломж байгааг өмгөөлөгчид нь сануулсаар байлаа. Моро шүүгчийн хатуу гараас мултрах өөр гарц ч байсангүй.
Петробрасын Үйлчилгээний газрын захирлын гэрээс 153 ширхэг дэлхийн алдартай уран зураг олдсон бол бусад компанийн захирлууд болон улс төрчдийн гэрээс ч мөн төдий хэмжээний уран зургуудыг хураан авчээ. Урлагийн үнэт эдлэл цуглуулах нь авлигын мөнгөө шингээх бас нэг арга аж. Эдгээр урлагийн ховор нандин бүтээлүүдийг Куритива хотын Оскар Нимейерийн нэрэмжит Уран зургийн музейд шилжүүлсэн нь эдүгээ жуулчид олноороо зочлон нүд хужирлах тансаг үзэсгэлэн болсон юмдаг.
Одебрешт
Одебрешт Холдинг бол үндэстэн дамнасан Бразилийн хамгийн том барилгын компанийн нэг юм. Эзнийхээ овгоор нэрлэгдэх гэр бүлийн энэхүү нүсэр байгуллага 1944 онд төрсөн түүхтэй бөгөөд эдүгээ гурав дахь үеийн залуу эзэн Марсело Одебрешт удирдан ажиллана.
Өмнөд ба Хойд Америк, Европ, Африк, Ойрхи Дорнодын орнуудад барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 49 охин компанитай, 181 мянган ажилчидтай, жилдээ 31 тэрбум ам.долларын орлоготой нүсэр байгууллагын эзэн, “16 Клуб”-т гол нөлөөтэй оролцдог Марсело Одебрештийг цагдаагийнхан аль хэдийнэ онилчихсон байлаа.
Холбооны цагдаагийн газраас тэдний 16 давхар төвийн байранд 2015 оны 6-р сард
нэгжлэг хийжээ. Албан өрөөнүүдийн холбоо харилцааг тасалж, орох гарах бүхий л гарцыг хаан, ариун цэврийн өрөөнүүдийг хүртэл түгжсэнд ажилтнууд нь бүгд айн цочирдож байв.
Цагдаагийнхны дараагийн гүйцэтгэх ажиллагаа бол эзэн Марсело Одебрештийг баривчлах явдал. Бразилийн тэргүүн 10 баяны нэг, 10 тэрбумын хөрөнгөтэй Марсело нь Сан Пауло хотын 30 сая реалын хамгаалалт өндөртэй, тансаг хороололд амьдардаг. Тэрхүү хороололд 45 гэр өргөө байрлах ба Марсело хамгийн том харшийг эзэмшинэ. Цагдаагийнхан нисдэг тэргээр агаараас танадан байрлалыг нь тогтоон хэрхэн нэвтэрч, баривчлахаа ч төлөвлөв.
Өндөр хамгаалалттай хороололд орох боломжгүй тул зарах зар тавьсан нэг байшинг үзэх зорилгоор цагдаа нар дотогш нэвтэрчээ. Цагдаагийн ажилтнууд “BMW” унаж, баяны дүрд тоглон, ирээдүйн хөршүүдээ сонирхох нэрийдлээр Марселогийн байрыг эргэн тойронтой нь судалж амжив.
2015 оны 6-р сарын 19-ны Ням гарагийн өглөөний 6 цагт цагдаа нар хаалга тогшсон ба Марсело өөрөө үүдээ тайлжээ. Тэрээр өглөө бүр 5:30-д босож дасгал хийдэг зуршилтай тул амралтын өдөр гэлтгүй өглөөнийхөө сунайлтыг эхэлчихсэн байв. Нэг цагдаа нь түүнийг баривчлах шийдвэрийг үзүүлэн, утсаа даруй өгөхийг шаардахад:
-“Би дээшээ гарч эхнэртээ дуулгачихаад, гар утсаа аваад ирье” хэмээх түүнд
- “Энэ мөчөөс эхлэн таны дэргэд харгалзагч байнга дагалдана” гэдгийг ч хэлэв. Тэр даруй боссон эхнэр нь хоёр охиноо сэрээхгүйг хичээн чимээ шуугиангүйгээр хувцасыг нь бэлдээд харгалзагч цагдаад өгтөл тэрээр,
–“Марсело, та энэ мөчөөс эхлэн өөрийнхөө цүнхийг барих болно” хэмээжээ.
Марсело Куритива хотын шоронд ирээд ч сэтгэлийн ямар нэгэн хөдөлгөөн илэрхийлсэнгүй. Хүн бүртэй соёлтой харилцаж байсан ч багаасаа бусдад үүрэг өгдөг сурсан зангаа ч гээсэнгүй. Өмгөөлөгчөө дуудаад шууд үүрэг өгч эхэлжээ. Ихэвчлэн өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ асууж, зөвлөлдөж байдаг бол түүний өмгөөлөгч үг дуугүй сонсож, толгой дохино.
Тухайн өдөр газар бүрээс баривчлагдан ирсэн том компаниудын 12 захирал, гурван өрөөнд хуваагдан хоригдсон байна. Тэд бүгд хэвлэл мэдээллийнхэнээс нүүрээ нуудаг бол гагцхүү Марсело хэний ч өөдөөс толгой эгц харна. Сахилга бат чанд сахиж цагийн хуваарийг ягштал баримтална. Иднэ, уншина, бичнэ, дахиад иднэ, уншина, бичнэ. Хоёр цаг тутам овьёосны зутангаар хооллоно. Бразилийн хамгийн тансаг харшаас 12 шоо дөрвөлжин давчуу, хүйтэн, өрөөнд бусадтай шахцалдан хоригдож, хувийн орон зай, эрх чөлөөгөө алдсан хүний хувьд бол энэ асар их тэвчээр байлаа. Бусад нь царай зүс алдан, аль хэдийнэ гундаад эхэлжээ. Харин Марсело турсанаас өөрөөр өөрчлөгдсөнгүй.
Одобрештийг хоригдож байхад Швейцараас түүний компаний нэрээр шилжүүлсэн мөнгөний бүх мэдээллүүд ирсэн байна. Одобрешт Холдингоос Швейцарь, Панам, Монакогийн банкнуудын Петробрасын удирдлагуудын оффшор дансанд шилжүүлэг байнга хийдэг байжээ. Одоо түүнд үнэнээ хэлэхээс өөр арга алга даа.
Одебрештийн мэдүүлсэнээр түүний нэрийн өмнөөс улс төрчдийн 29 төрлийн оффшор дансанд 134 сая ам.доллар шилжүүлсэн аж. Түүнчлэн Дилмагийн 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулагч Жоао Сантанагийн оффшор данс руу 16 сая ам.доллар шилжүүлсэнээ ч хүлээв.
Ард түмний талархал
“Холбооны Цагдаагийн газар бол Бразилийн бахархал”, “Ард түмэндээ үнэнийг илчилсэн шүүгч Мородоо баярлалаа” гэх зэрэг хэвлэмэл хуудас барин жагссан 2,4 сая бразилчуудын жагсаал 250 гаруй хотод өрнөв. Бид “Машин угаалга”-ыг дэмжиж байна”, “Бид бүгд Моро” хэмээн тэд өөрсдийгөө нэрлэж байлаа. Өөрөөр хэлбэл ард түмэн шударга шүүгчээ хамгаалан жагсаж байсан юм.
Сержио Моро амралтын тэр өдөр сурсан зангаараа хоол хүнсээ цуглуулахаар гэр бүлтэйгээ дэлгүүр ортол “Шүүгч Моро энд явна” хэмээн дэлгүүрийн ажилтан чанга яригчаар зарлажээ. Тэнд байсан бүх хүн Мород талархан алга нижигнүүлэн удтал ташсан гэдэг. “Бид бүгд таны талд байна, Та бол Бразилийн бахархал. Миний үр хүүхдүүд үеийн үед танд талархаж амьдрах болно” хэмээн хэлэх иргэдийн үгс тасрахгүй.
Моро шүүгч тэр жилдээ “Глобо” сэтгүүлийн оны шилдэг хүнээр шалгарчээ. Рио де Жанейро хотын нэрт Копакабана зочид буудалд уг шалгаруулалт болсон бөгөөд зохион байгуулагч нараас Мород таван одтой буудлын төлбөр ба нислэгийн тийз явуулахад тэрээр татгалзаж өөрөө энгийн өрөөгөө захиалан гэр бүлтэйгээ очжээ. Тэднийг танхимд орж ирэхэд бүгд бүчин авсан бөгөөд энэ үеэс л нөхрөө нэрд гарсан, олны хүндтэй хүн болжээ гэдгийг ойлгож эхэлсэн хэмээн эхнэр нь хожим дурсан ярьсан байдаг.
Шагнал гардуулах ёслолын үеэр Моро -“Шүүхээс авлигачдын нэрсийг ил болгосон нь ямар нэгэн улс төрийн зорилгоор популизм хийж байгаа хэрэг биш ээ. Харин олон нийтэд ил тодоор мэдээлж, ажлаа тайлагнаж байгаа юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Шүүх хэний ч талд орохгүй зөвхөн нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Ард иргэд гудамжинд жагсан цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа нь манайд ардчилал байгааг илтгэж байна. Барууны, зүүний эсвэл төвийн улс төрийн олон ургалч үзлээс үл хамааран бразилийн ард иргэд нэг зүйл дээр нэгдэж чадлаа. Энэ бол авлигын эсрэг тэмцэл юм. Бразилийн ардчилал цэргийн дэглэмийг ялж байсан түүхтэй. Авлигыг ч гэсэн бид ялж чадна. Ардчилсан засаглалыг боловсронгуй болгох ажлыг үтэр түргэн эхлүүлэх шаардлагатай байна, тэгвэл бид тайван замаар олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой” хэмээн хэлжээ.
Үргэлжлэл бий.
Ч.Сосормаа
/ 06/11/2017
Машин угаалга #3
Машин угаалга #3
Мэдээ, мэдээлэл / admintaf / 03/11/2017
“МАШИН УГААЛГА” цуврал нийтлэл #3
Ард түмнээсээ хулгайлсан л бол буцаан төлөх л ёстой
2015 оны 3-р сарын 6-нд Ерөнхий Прокурор Жанен Үндсэн Хуулийн заалтын дагуу гишүүдийн нэрсийг зарлан хэрэг үүсгэв. Бразилийн түүхэнд улс төрчид ийнхүү олноороо нэг хэрэгт зэрэг холбогдож байгаагүй тул сар гаруйн хугацаанд бүх хэргийг амжуулан шалгаж, Конгрессийн гишүүдийн нэрсийг Дээд шүүхэд шилжүүлэх хэрэгтэй боллоо. Ерөнхий Прокурор “Би нэг л хэмжүүртэй түүгээрээ хэмжинэ. Түүнээс хэн байх нь надад хамаагүй. Тэр бол машин угаах ажиллагаанд шалгагдаж байгаа сэжигтнүүд гишүүдэд хахуулийн мөнгө өгсөнөө эсвэл харсанаа нотлох л юм бол шууд хэрэг үүсгэнэ” хэмээн мэдэгдэв. Үнэхээр түүний хэмжүүрээр хэн байх нь чухал биш нотолгоотой байх нь чухал.
2015 оны 3-р сарын 3-ны орой Ерөнхий Прокурор ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээ Дээд Шүүхийн шүүгч Заваскийд хүргүүлсэн байна. Дөрвөн хайрцаг бүхий нотлох баримтуудыгбуу агссан хамгаалалттай шүүхийн байранд авчрах үед сэтгүүлчид хэдийнэ шавжээ.
Одоо Дээд шүүхийн шүүгч Заваскийгээс бүх зүйл шалтгаална. Прокурорын яллах дүгнэлтэд 47 улс төрчдийн нэрс орсон ийм дуулиант хэрэг Дээд Шүүхэд ирж байсан түүх урьд өмнө байсангүй. Тиймээс нямбай шалгах нь мэдээж.
Улс төрчид үүрээ хөндүүлсэн зөгий шиг үймэлдэж эхлэв. Ерөнхий Прокурор нэр хүндтэй улс төрчид холбогдсон тухай сэтгүүлчдэд цухас дурьджээ. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгч Мишель Темертэй Ерөнхий Прокурор уулзах үедээ Конгрессийн Дээд ба Доод танхимын хоёр даргын нэрс холбогдсоныг ч хэлж. Дэд Ерөнхийлөгч гадагшаа явах ажлаа хойшлуулан Доод танхимын дарга, нам нэгт Эдвардо Куньяаг яаралтай дуудан уулзсан гэдэг. Ноён Куньяа өөрийгөө холбогдоно гэдгээ мэдэж байсан ч өөрийн чихээр нэрээ сонсмогц Ерөнхий Прокурорыг хараан зүхэж гарлаа. Харин Дээд танхимын дарга Рейно Галлейрос жагсаалтад хэний нэрс байгаа талаар мэдээлэл ирээгүй хэмээн сэтгүүлчдэд хариулсан бөгөөд ардчилсан улс оронд төрийн зүтгэлтнүүдийг шалгах бол хэвийн үзэгдэл гэдгийг ч онцлов. Харин маргааш нь өөрийн нэр уг жагсаалтад тэргүүлж байгааг мэдээллийн хэрэгслээр сонсоод шүүхийг шүүмжилж суулаа.
Бразилчуудын анхаарал одоо шүүгч Теори Заваский дээр чиглэж нэрсийн жагсаалтыг ил зарлахыг орон даяар хүлээжээ. Шүүгч маань шийдвэртээ гарын үсэг зурахын өмнө бүх нэрсийг дахин нягтлав. Туршлагатай шүүгчийн хувьд тэрээр маш тайвнаар бүх ажлаа дэс дараатай гүйцэтгэн оройн 20 цагийн алдад нэрсийг олон нийтэд зарлав. Нийт 49 хүний нэрс зарлагдсанаас 47 нь улс төрчид. Тэрхүү нэр төртэй 47 гишүүний 31 нь Хөдөлмөрчдийн намаас сонгогдсон Доод танхимын гишүүд аж. Тэр дундаа Конгрессийн хоёр танхимын дарга нэгэн зэрэг холбогдсон нь Бразилийн түүхэнд байгаагүй шившиг болов. Мөн түүнчлэн ялаа хөнгөлүүлэхийн тулд бүх үнэнээ өчиж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн Иойссеф ба Коста нарын мэдүүлгийг ч ил болгов.
Улс төрчид компаниудаас мөнгө шаардах нь сонгуулийн болон намын удирдлагыг сонгох үеэр улам ихэсдэг гэдгийг хэн хүнгүй гадарлана. Уул уурхай, барилгын компаниудаас хандив нэртэй мөнгө их хэмжээгээр авсан улс төрчид хариуд нь Петробрас ТӨК-ийн удирдлагуудыг өөрчлөхгүй гэдэг амлалтаа өгдөг. Учир нь тэд олон жил хоорондоо өгч авалцаад сурчихсан улс. Түүнчлэн Бразилийн дэд бүтэц, барилгын 16 толгой компаниудын бүлэглэл болох “16 Клуб”-ын бизнесийн асуудалд оролцохгүй, харин тэднийг дэмжиж ажиллана гэдгээ ч тохиролцдог гэнэ. Ийм хэв маяг бий болоод олон жилийг үдсэн тухай Иойссеф ба Коста нар нэг нь нөгөөгөө бататган мэдүүлэгтээ дурьдсан байдаг.
Авлигын мөнгөний хэмжээ гишүүдийн нам доторх нөлөөлөл, сонгуульт албан тушаалаас шалтгаалан янз бүр. Тухайлбал: Хөдөлмөрчдийн намын мужийн дарга нар 250-500 мянган реал сар бүр авах хуваарьтай. Үндэсний Дэвшлийн намын Конгрессийн гишүүдэд бол 10-150 мянган реалийн хаяц очно. Гишүүдийн өөрсдийн хүсэлтээс шалтгаалан бэлэн эсвэл дансаар нь шилжүүлнэ. Ихэнх нь бэлнээр гэртээ хүргүүлэхийг хүсдэг. Тиймээс Иойссеф ба түүний нөхдүүд цүнхтэй мөнгө зөөгөөд байнга л завгүй. Үндэсний Дэвшлийн намын дарга Жанен намдаа орж ирж буй хишгийг өөрөө мэдэж, гишүүдийнхээ мөнгөний хэрэгцээг шийдвэрлэх тул нам дотроо түүний нэр хүнд тун өсөв. Тэрээр сар бүр Иойссеф мэтийн хүмүүс уруу мессеж илгээнэ. Жишээ нь 5,5 Пиц гэвэл Жоао Пиццолити гишүүнд 550 мянган реал өг гэсэн үг. Сар бүр ийм л нууц дохиоллоор утас цохиход нэр бүхий гишүүний гэрт мөнгө даруй очно. Яг л үлгэрт гардаг шиг мөнгө өөрөө хаалга тогшино доо.
Хэний ч хүлээгээгүй оны төгсгөл
Бразилийн Конгрессийн Доод танхимын дэд дарга Андрей Варгас 2015 оны 4-р сарын 10-нд баривчлагдав. Тав хоногийн дараа Хөдөлмөрчдийн намын санхүүгийн дарга Жоао Нето ч байцаагдаж эхэллээ. Тэд Морог үзэн ядаж байсан нь гарцаагүй.
Ерөнхийлөгч асан Лулагийн дотны хүн, сенатч Делсидо до Амарал гэнэт баривчлагдлаа.
Тэрээр шоронд хоригдоод байсан Петробрасийн нэг захирал Нестор Сервирогийн хүү рүү утсаар залгаж “аавдаа миний тухай битгий хэлээрэй” хэмээн гуйжээ. Мөнгө ч амласан сурагтай. Харин хүү нь түүнтэй цаг гаруй ярилцсан утасныхаа бичлэгийг цагдаад аваачиж өгсөн аж. Ийнхүү өөрийгөө илчилсэн Делсидод гарах гарц үлдсэнгүй. Тэрээр 2016 оны 2-р сарын 11-нд хэргээ хүлээж, бүх үнэнийг өчин ялаа хөнгөлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь улс төрчдийн ялангуяа Лулагийн хувьд хар дарсан зүүд болов. Түүний байцаалт дөрвөн өдөр үргэлжлэн 2-р сарын 19- нд суллагдсан бөгөөд Ерөнхийлөгч Дилма Руссеф, өмнөх Ерөнхийлөгч Лулагийн тухай олон зүйлийг мэдүүлжээ. Дилмагийн Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч болохгүйг зогсоо зайгүй түүнд ятгаж байсан ч бүтсэнгүй. Делсидо суллагдсаны дараа Дилмагийн илгээсэн төлөөний хүнтэй уулзсан бичлэгээ хүртэл Прокурорын газарт илгээжээ.
Делсидо мэдүүлэгтээ авлигын схемийг Лула мэддэг байсан төдийгүй пирамидын орой дээр нь сууж, удирддаг байсан тухай хэлжээ. Тэр ч бүү хэл Сан Пауло хотноо Лула өөрийн намын нөхдийн хамт “Машин угаалга”-аас үүдэлтэй улс төрийн хямралыг эртхэн зогсоох талаар хэлэлцэхэд Делсидо байлцсан хэмээжээ.
Тэрээр мөн Ерөнхийлөгч Дилма нь Марсело Дантас хэмээх шүүгчийг Дээд шүүхийн шүүгчээр томилж “Машин угаалга” ажиллагааг хариуцуулахаар оролдож байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Ерөнхийлөгч өөрөө Дээд шүүхийн дарга Ловиндонскийг дуудан уулзаж байсныг ч батлав. Ерөнхийлөгч Дилмад хандан Засгийн газарт “Машин угаалга”-ыг хянах зорилготой “Хямралын эсрэг” ажлын хэсэг байгуулах тухай саналыг ч Лула тавьж байсан удаатай гэнэ.
Эрх мэдлийн цайз гурав
Тухайн үеийн Ерөнхийлөгч Дилма Руссеф авлигын хэрэгт орооцолдоогүй үлдсэн ганц улс төрч гэхэд болно. Гэхдээ бүхнийг мэдсэн хэрнээ хараагүй юм шиг өнгөрөөсөн хэмээн түүнийг буруутгах хүмүүс олон. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө Петробрасын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2003-2010 он хүртэл ажиллаж байсан. Тухайн жилүүдэд л авлига ид цэцэглэж байсан шүү дээ.
Хатагтай Руссеф бол Лула Ерөнхийлөгчийн үед Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан бөгөөд түүний баруун гар ямагт байсаар ирсэн. 2014 онд Дилма Хөдөлмөрчдийн намаас дахин нэр дэвшин Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа 15 сар болоод л Конгресст импийчментээр орсон гэдгийг бид бүгд мэднэ. Магадгүй Дилмаг зайлуулах улс төрийн шалтгаан байсан ч байж магад.
Тухайн цаг үед Бразилийн эдийн засаг тун хүндхэн байдалд ороод байв. Дилмагийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогууд үр өгөөжгүй байсан тул ард иргэдийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрч газар сайгүй жагсаал цуглаан тасрахгүй үргэлжилнэ. Дилмаг зурагтаар яриад эхэлмэгц айл бүр цонхоо нээгээд түмбэн саваа балбадаг болсон байлаа. Ерөнхийлөгчөө эсэргүүцэж байгаа нь тэр. Энэ үеэр Дилмаг Засгийн газрын төсвийн зардлыг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгаж, түүнд Конгресс итгэл үзүүлэх эсэх санал хураахаар зэхэж байсан юм. Гэхдээ зөвхөн Доод танхимын даргын шийдвэрээр Ёс зүйн хороо хуралдах ба хэрвээ хуралдах л юм бол Дилмаг импийчментэд оруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэг ёсондоо Ерөнхийлөгч Дилмагийн хувь заяа Конгрессийн Доод танхимын дарга Эдвардо Куньяагийн гарт орчихсон хэрэг.
Гэтэл Куньяа маань өөрөө авлигын хэрэгт холбогдоод даргаасаа огцрох дээрээ тулаад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг. Дилмагийн танхимын гурван сайд, Доод танхимын давхар дээлтэй гишүүд саяхан Куньяаг огцруулахын эсрэг байр суурьтайгаа илэрхийлж байснаа хэдхэн хоногийн дараа шийдвэрээ огцом өөрчлөн огцруулахын төлөө эргэчихэж. Түүнчлэн Дилмагийн намын гишүүдээс Куньяаг Доод танхимын даргаас чөлөөлж өгөх хүсэлтийг илгээсэн байлаа. Энэ бүхэн Куньяаг ихээхэн бухимдуулан тэрээр Дилмагийн эсрэг импийчмент эхлүүлэхээр Ёс зүйн хороог хуралдуулах шийдвэрийг тэр даруй гаргажээ. Ийнхүү 2015 оны 12 сарын 2-нд Ерөнхийлөгчийг импийчментээр оруулах болсоныг ч Куньяа зарлав.
Энэхүү шийдвэр гарсаны дараа Дилма өөрийн 9 сайдын хамт хэвлэлийн бага хурал зарлаж ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, авлига аваагүй, гадаадын оффшор дансгүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр хууль ёсны дагуу сонгуулиар олонхийн санал аван гарч ирсэн гэдгээ ч хэлж ард түмэн түүнд итгэл хүлээлгээд байхад Төлөөлөгчийн танхимын даргын шийдвэрээр импийчмент эхлүүлэх нь эрх зүйн хувьд учир дутагдалтай хэмээн мэдэгдсэн ч тусыг эс олов.
2016 оны 4-р сарын 16-нд Доод танхимийн гишүүдийн олонх нь Дилмаг огцруулахыг дэмжиж, улмаар Дээд танхимаар хэлэлцэх болов. Харин Дээд танхимын гишүүдийн 22 нь Дилмаг дэмжсэн бол 55 нь огцруулахын төлөө товчлуур даржээ. Ийнхүү хатагтай Ерөнхийлөгчийн хувь заяа харамсалтайгаар шийдэгдэв.
Тун удалгүй Дээд шүүхийн шүүгч Заваский ноён Куньяаг гишүүнээс нь түдгэлзүүлэх шийдвэрийг гарган шалгасан бөгөөд Куньяа ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй.
Үүнтэй зэрэгцээд Дээд танхимы дарга Ренан Галлейрос авлигын арваад төрлийн хэрэгт шалгагдаад эхлэв. Тэр ч байтугай түүнийг баривчлаад хэд хоногийн дараа сулласан юм. Ерөнхийлөгч, Конгрессийн хоёр танхимын дарга нар шил дараалан огцорлоо. Бразил Улс түүхэндээ хэзээ ч ингэтлээ удирдлагын гүн хямралд орж байсангүй. Улс орон эзэнгүй болсон мэт санагдах үе ч байлаа.
Ноён Эдвардо Куньяад 15 жилийн хорих ял шүүхээс оноожээ. Түүнийг 1,5 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгаж, улмаар Швейцарийн оффшор дансанд нуусан бүх мөнгийг нь улс хураан авсан юм.
Үргэлжлэл бий.
Ч.Сосормаа
/ 03/11/2017
Машин угаалга #2
Машин угаалга #2
Мэдээ, мэдээлэл / admintaf / 02/11/2017
“МАШИН УГААЛГА” цуврал нийтлэл #2
Шүүгч Сержио Морогийн ялалт
Авлигын хэргийн тухай эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч Владимир Нетогийн бичсэн “Машин угаалга” номын зорилго бол Бразилийн улс төр авлигадаа хэрхэн идэгдсэн, хичнээн бохир заваан болсон тухай өгүүлэх гээгүй болов уу. Харин хараат бус шүүх засаглал, өргөсөн тангарагтаа үнэнч шүүгчийн эр зориг шударга ёсыг хэрхэн эргүүлэн тогтоодог тухай өгүүлсэн ном юм. Тийм ч учраас эл номын хавтас эдүгээ сая сая бразилчуудын бахархал болоод байгаа залуухан шүүгч Сержио Морогийн зургаар гоёсон байдаг. Эл номын зохиогч, сэтгүүлч Владимир Нето нэг бус удаа “Моро бол бразилчуудын ёс суртахууны хэм хэмжээ, үлгэр дуурайл болсон хүн” хэмээн цохон тэмдэглэсэн нь номын үнэ цэнийг илэрхийлсэн төдийгүй шударга шүүх, шүүгчийн ёс зүйг өргөсөн хэрэг буй за.
Мөнгө угаах гэмт хэргийн их мастер Алберто Иойссеф төдийгүй Бразилийн нөлөө бүхий улс төрчид, бизнесийн магнатууд тэр ч байтугай ард түмний хайртай Ерөнхийлөгч асан Лулагийн эрлэг болсон шүүгч Сержио Фернандо Моро гэж хэн бэ?
Тэрээр Парана мужийн Маринга хотод жирийн багшийн гэр бүлд 1972 онд төржээ. Дунд сургуулиа төгсөөд мужийнхаа Их сургуулийн хуулийн ангид суралцан дүүргэж, 24 настайдаа шүүгчийн сонгон шалгаруултанд тэнцэн улмаар эрүүгийн хэргээр ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр 2003 оноос хойш мөнгө угаах гэмт хэргээр мэргэшсэн байна.
Тус улсад хэдэн жилийн өмнө мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэх сайн дурын бүлэг байгуулагдсан бөгөөд түүнд эрэн сурвалжлах сэтгүүлчид, хуульчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд харъяалагдаж үе үе уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус бүлгийн үйл ажиллагаанд Моро идэвхийлэн оролцож илтгэл тавих дуртай байж.
2010 онд “Мөнгө угаах гэмт хэргийн тухай” номоо хэвлүүлсэн нь эдүгээ хуульчдын гарын авлага болжээ. Тус номондоо Бразилийн гурван шатны шүүх хүнд суртал ихтэй, цаг их алдсанаар хэрэг сунжирдаг тул авлигын хэрэгтнүүд хожиж, харин ард иргэдийг залхаахад хүргэдэг болохыг онцолжээ. Ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тулж ажиллахын тулд шүүхийг шинэчлэх шаардлагатай гэдгийг удаа дараа нотлон бичиж байв.
Сержио Моро бол үзэл бодолдоо үнэнч, хатуу чанд зарчимтай, эр зоригтой шүүгч. Харвардын их сургуульд “Мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэг”-ээр мэргэшсэн түүнийг “Машин угаалга” ажиллагаа идэвхжих үеэр “Америкийн тагнуул” хэмээн хочилж нэг хэсэгтээ цуурав. Мэдээж энэ бол Морогийн нэр хүндийг унагах зорилготой эсрэг талын аргаа барсан үйлдэл байсан тул тэгсхийгээд намжив.
Моро нийслэл Бразилиа хотноо Дээд шүүхийн шүүгч Роза Веберийн туслах шүүгчээр жил гаруй хугацаанд ажиллахдаа “Менсалао” хэмээх мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж багагүй туршлага хуримтлуулжээ. Дээд шүүхэд ажиллаж байхдаа өглөө 10 цагт ирж, орой 19 цагт ажлаасаа тардаг тэрээр хариуцсан ажлаараа бусдаас ялгарч Роза шүүгчийн анхаарлыг татаж амжсан гэдэг.
Түүнийг 2013 онд Парана мужийнхаа Дээд шүүхэд шүүгчээр томилогдон очих үед Росалво Франко хэмээх хурандаа цагдаагийн даргаар дэвшин ирсэнтэй цаг хугацааны хувьд таарчээ. Цагдаагийн шинэхэн дарга Мород хандан “Манай мужид мөнгө угаах гэмт хэргийг сүүлийн жилүүдэд илрүүлээгүй байгаа нь бид сайн ажиллаагүй гэсэн үг. Би таныг дэмжиж, цагдаагийн шинэ багийг бүрдүүлэн өгнө” хэмээн амласан нь түүний хувьд маш том дэмжлэг болсон аж.
“Машин угаалга” ажиллагаа авлигын цайзын хаалгыг ийнхүү дөнгөж тэмтчин нээж байх үед мужийн Прокурор Жозе Соарес гэгч муж бүхэнд салаалан сүлжээ үүсгэсэн энэ хэрэг нь Паранад хамаарахгүй тул нийслэл рүү шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн нь аянга буухтай адил болов.
Шүүгч Моро ба цагдаагийн багийнхан тус хэргийг муждаа шийдвэрлэх шаардлагатайг батлан, хүн хүч нэмэгдүүлэх хүсэлтээ төвдөө илгээсээр байлаа. Аз таарч нийслэлээс Ерөнхий Прокурорын газрын 34 настай, Харвардын их сургуулийн хуулийн ангийг саяхан төгссөн залуухан прокурор Делтан Далланол “Машин угаалга” мөрдөн шалгах ажиллагааны багийг Парана мужид үргэлжлүүлэн ажиллахыг дэмжиж, Ерөнхий Прокурорын газраас өөрийн биеэр хариуцах болсоныг мэдээлжээ.
Авлигын эсрэг тэмцэл бол зөвхөн мөнгөний эсрэг биш, эрх мэдлийн эсрэг тэмцэл юм. Тиймээс олон оронд, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад эрх мэдэлтнүүдийг ялан дийлж, яллан шүүх тохиолдол тун ховор. Чухамхүү “Машин угаалга” ажиллагааны амжилт бол цагдаа, шүүх, прокурор хамтран нэг баг болон ажиллаж чадсанд л байгаа болов уу. 1988 оны Үндсэн хуулиас хойш бэлтгэгдсэн шинэ үеийн хуульчид гар нийлэн хамтын багийг бүрдүүлэн ажилласан бөгөөд тэдний манлайлал авлигын эсрэг төдийгүй шүүх засаглалын шинэчлэлийг эрчимжүүлсэн юм.
Хамтарсан багийн анхны ялалт
Алберто Иойссефоор дамжуулан дараагийн сэжүүрийг цагдаагийнхан тун амархан атгаад авав. Тэдний дараагийн бай бол олон улсад нэртэй Петробрас хэмээх хий, газрын тосны төрийн өмчит корпорацийн Хангамжийн дэд захирал асан Пауло Роберта Коста байлаа. Иойссеф, Коста нар олон жил нөхөрлөсөн андууд. Андуудын ард бизнесийн ашиг сонирхол байсан нь мэдээж. Нарлаг нэг сайхан өдөр тэд хамтдаа зугаацан машин арилжааны газрын хажуугаар өнгөрөх үед “Нэг л өдөр би ийм машин унахыг мөрөөдөж байна” хэмээн цоо шинэ Рейнж Ровероос нүдээ ч үл салган Костаг хэлэхэд
-Яагаад заавал ирээдүйн нэг өдөр гэж би чамд одоо аваад өгье л дээ хэмээн Иойссеф хариулсан гэдэг. Маргааш нь найзынхаа мөрөөдлийн төмөр хүлгийг худалдаж авсан 250 мянган реалийн төлбөрийн баримтаа цахим шуудангаар нь илгээжээ. Коста хүссэн тоглоомоо ааваараа авахуулж чадсан жаахан хүү лугаа адил хөөрөн баярлаж байсан бол харин эхнэр нь сэтгэл зовниж байлаа. Магадгүй эмэгтэй хүний зургаа дахь мэдрэхүйгээр энэ машин сайныг авчрахгүйг зөгнөө биз. Үнэхээр ч энэ машины төлбөрийг Иойссеф төлсөнийг цагдаа нар даруй тогтоон Костаг баривчлах далим болгожээ.
Костаг баривчлах үедээ түүнийг бичиг баримтуудаа зөвлөх компанийнхаа өрөөнөөс авчрахыг шаардав. Гэтэл ааваасаа нууцаар үүрэг авсан охидууд нь дөрвөн хайрцаг бичиг баримтуудыг өрөөнөөс нь зөөж, устгасан нь цагдаагийн хараанд өртөв. Ийнхүү нотлох баримтуудаа устгасан нь түүний хамгийн том алдаа болсон гэдэг. Коста тэтгэвэртээ гараад тун удаагүй байсан бөгөөд газрын тосны чиглэлээр зөвлөх компани байгуулаад ажиллаж байсан юм. Түүнээс Алберто Иойссефийг таних уу хэмээн асуухад -Танина, гэхдээ бизнесийн холбоо байхгүй. Манай компаниас нэг удаа зөвлөх үйлчилгээ авч байсан. Түүнийхээ хөлсөнд надад машин авч өгсөн хэмээн хариулжээ.
Костагийн гэрт нэгжлэг хийхэд 180 мянган ам доллар, 10 мянган евро, 750 мянган реалийг олжээ. Гэрт нь ихээхэн хэмжээний бэлэн мөнгө байсан, хэргийн баримтуудаа устгасан болон хахуулийн машин авсан хэргээр түүнд шүүгч Сержио Моро яллах төлөвлөгөө бэлтгээд байв.
Бразилийн газрын тос, хий, шингэн түлшний бүтээгдэхүүн олборлон үйлдвэрлэдэг
Петробрас (Brazilian Petroleum Corporation) нь 1953 онд байгуулагдсан
төрийн өмчит компани юм. Эдүгээ Америк, Европ, Ази, Африкийн олон оронд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа дэлхийд данстай том корпораци. Хувьцааных нь 54 хувийг Бразилийн Засгийн газар шууд эзэмшдэг бол Баялгийн сан, Хөгжлийн банкаараа дамжуулан 10 хувийг шууд бусаар нэмж эзэмшинэ. Өдөртөө 2,3 сая баррел тос олборлодог, жилдээ 87.0 тэрбумын орлоготой, 90 мянга шахуу ажиллагсадтай тус компанийн удирдлага улс төрчдийн гарт ороод уджээ. Тэгэхлээр Костагийн түүх бол хэн нэг шуналтай даргын тухай гэхээсээ илүү улс төрчид төрийн өмчит компаниар дамжуулан хэрхэн мөнгө саадаг тухай бүхэл бүтэн загварчлал болой.
Пауло Роберта Коста хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ ид хөтлөгдсөн залуу байхдаа сонгон шалгаруулалтад амжилттай тэнцэн Петробраст анхлан хөл тавьсан аж. Тэрээр тус корпорацид 35 жил тасралтгүй ажилласан бөгөөд 1995 оноос хойш өөрийн идэвхи зүтгэлээр өсөн дэвшиж явлаа. Гэсэн ч ахлах ажилтнаас цааш тэрээр “шилэн тааз”-тай тулсан юм. Нүдэнд үл үзэгдэх энэхүү шилэн таазыг гагцхүү мэдлэг чадвараар нэвтлэн шатлан дэвших ямар ч боломжгүй. Энэ бол өөрөөс шалтгаалах асуудал биш тул дээрээс хэзээ, хэн түүнийг татахыг хүлээх үлдлээ. Тун удалгүй аз таарч Лулагийн Засгийн газрын үед Парана мужаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн “Үндэсний дэвшил нам”-ын дарга Жозе Жанена дуудаж Хангамжийн газрын дэд даргын албыг хаших санал тавив. Мэдээж Коста ч дуртайяа зөвшөөрөв. Ийнхүү тэрээр Петробрасын Хангамжийн газрын дэд даргын албан тушаалыг Үндэсний дэвшил намын нөмөр нөөлөг дор 2004-2014 оны хооронд хаших боллоо. Коста ийнхүү улс төрийн утсан хүүхэлдэй болон хувирав. Түүнд өөр арга зам байсангүй. Учир нь Петробрасын удирдах албан тушаалуудыг намууд аль хэдийнэ хуваагаад авчихсан тул тэдний гар хөл нь болж байж л даргын албан тушаалд очих нь хэнд ч ойлгомжтой хэрэг.
Петробрасын бүх газар, хэлтсийг улс төрчид эрхшээгээд удаж буй. Тухайлбал: Засгийн эрх барьж буй Хөдөлмөрчдийн нам удирдлага, үйлчилгээ, хий ба эрчим хүч, олборлолт ба үйлдвэрлэл, санхүүгийн газруудын, Үндэсний дэвшил нам хангамжийн, харин Ардчилсан Хөдөлгөөний нам гадаад харилцааны газрын дарга ба дэд даргад төлөөний хүнээ томилуулдаг бичигдээгүй хууль үйлчилдэг.
Мөрдөгчид Костагийн өрөөнөөс нэг чухал баримт олжээ. Тэр их чамбай менежер байсан тул бүх зүйлээ бичиж тэмдэглэдэг зуршилтай. Тэрээр Петробрастай холбоотой ажилладаг хувийн компаниудыг хүснэгтэд байршуулан тэдний захирлын төдийгүй холбоотой ажилладаг ажилтнуудын нэрсийг жагсаан хамтран ажиллаж байгаа, эсвэл төлөвлөж байгаагаа ангилсан байж. Энэхүү хүснэгтээс мөнгө угаах хуйвалдаанд ямар компаниуд хэзээнээс хэр зэрэг жин даран оролцож эхэлсэн, эхлэх гэж байгааг төвөггүй ойлгож болно.
Нотлох баримтууд хангалттай бүрдсэн ч Коста үнэнээ мэдүүлэхээс эрс татгалзаж байв. Учир нь түүнийг нэг л өдөр хамсаатнууд нь суллуулах болно гэдэгт итгэлтэй байсан хэрэг. Үнэхээр түүнийг баривчлагдаад 59 хоносны дараа Дээд шүүхээс гэнэт суллах шийдвэр гарсан юм. Коста ч суллагдмагцаа хамгийн нэртэй сонингуудад өөрийгөө ямар ч буруугүй, хилс хэргээр хоригдож байгаад гарлаа хэмээн ярилцлага өгч эхлэв.
Түүний гэртээ хадгалж байсан бэлэн мөнгөний тухай асуухад -Хүн яагаад гэртээ бэлэн мөнгөтэй байж болохгүй гэж хариулсан гэдэг. Коста татвараас зайлсхийж, багахан мөнгийг гэртээ нууж байсан хөнгөн хэргээр өөрийгөө аргалах дотоод бодол агуулж байсан бололтой.
Костаг баривчлагдмагц Петробрасын нууц задарч эхэллээ. Нэр нь холбогдсон улс төрчид сандарч өөрсдийгөө ямар ч гэм зэмгүй хэмээн хэвлэлээр ээлжит ярилцлагаа өгсөөр байв.
Конгрессийн гишүүд авлигын хэрэгт олноор холбогдох болсон тул Конгресст “Машин угаалга” нэртэй Хяналтын сонсгол хийж эхэлжээ. Коста ч суллагдсаны дараа тус сонсголд очиж гишүүдийн асуултад хариулсан бөгөөд бүгд худлаа гүтгэлэг хэмээн дахин дахин батлан хэлж байлаа. Түүний хариултад олон гишүүд сэтгэл хангалуун үлдсэн гэдэг.
Дээд шүүхээс Костаг суллах төдийгүй “Машин угаалга” ажиллагааны бүх хэргийг Дээд шүүх рүү татан авах шийдвэрийг шүүгч Теори Заваский гаргасан байна. Шалтгаан нь Конгрессийн гишүүд олноор холбогдож эхэлсэн бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу Дээд шүүх л гишүүдийн хэргийг шалгах эрхтэй. Ийнхүү “Машин угаалга” эхлээд хоёр сар гаруй болоод хаагдах нь гэсэн битүүхэн айдас олон нийтийг түгшүүрт автуулав. Костаг сулласнаар бусад холбоотнууд нь ч удахгүй суллагдана гэдэгт итгэлтэй болов. Тэр дундаа Иойссеф бүр ч их хүлээлттэй байсан нь мэдээж.
Дээд шүүхээс Костаг суллах мэдэгдлийг хүлээн авсан Моро хүнд цохилтод орж, хаалгаа тас хаан, өрөөндөө өдөржингөө ганцаараа үлдэв. Тэр тун хүнд байдалд орсон байлаа. Морогийн найдвартай гараас хэргийг мултлан авч, нийслэл Бразилиад байрлах Дээд шүүхэд шилжүүлэх шийдвэр нь үйл явдлыг хачирхалтай болгов. Шалгагдаж байгаа Конгрессийн гишүүдийн өмгөөлөгчид хэдийнэ нэгдээд Дээд шүүхэд нөлөөлөх төлөвлөгөө бэлтгээд эхэлчихэж. Хамтарсан багийн нөр их хөдөлмөр ингээд төгсгөл болох гэж үү? гэх мэт элдвийн бодолд автсан Моро цайндаа ч оролгүй өдөржингөө компьютерт юм бичиж суусан байдаг.
Дээд шүүхийн шийдвэрийг мужийн Дээд шүүхийн анхан шатны шүүгч эсэргүүцэх эрх байхгүй тул ажлынхаа явцыг танилцуулан зааварчилгаа авах хүсэлт байдлаар албан бичгээ төлөвлөн шүүгч Заваскийд илгээжээ. Моро дээд шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд нөгөө талаар Коста, улмаар Иойссеф, Кодама зэрэг мөнгө угаах гэмт хэргээр гаршсан этгээдүүдийг суллах нь нийгэмд хичнээн аюултай болохыг батлан ойлгуулахыг хичээв. Мэдээж дээд шатны шийдвэрийг өөрчлөнө гэдэгтээ итгэл муутай байсан биз. Анхан шатны шүүхээс ийм хүсэлт илгээх нь их л ховор тохиолдол. Гайхалтай нь Морогийн тайлбарыг уншаад Дээд шүүхийн шүүгч Теори Заваский шийдвэрээ өөрчилсөн төдийгүй нэмж найман хүнийг суллах гэж байсан төлөвлөгөөгөө ч зогсоосон аж.
Дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар “Машин угаалга” ажиллагаанд орооцолдсон Конгрессийн гишүүдтэй холбоотойгоос бусад хэргүүдийг Парана Мужийн Дээд шүүхэд үргэлжлүүлэн шүүхийг зөвшөөрч улмаар Костаг баривчлах эрхийг эргэн Мород шилжүүлсэн нь бүрэн ялалт боллоо.
Авлигын сүлжээнээс атгасан барьцаа алдаад, амралтаа авчихаад байсан Моро энэхүү шийдвэрийг сонсмогц гэр бүлээрээ Испани руу аялах тийзээ тэр даруй цуцалсан бол оройны зурагтын мэдээ үзсэн Коста тэр шөнөдөө унтаж чадсангүй.
Анхны ялалтаа байгуулсан шүүгч Морог одоо хэн ч зогсоож чадахгүй нь тодорхой боллоо.
Үргэлжлэл бий.
Ч.Сосормаа
/ 02/11/2017
Машин угаалга #1
Машин угаалга #1
Мэдээ, мэдээлэл / admintaf / 01/11/2017
“МАШИН УГААЛГА” цуврал нийтлэл #1
Бразилийн улс төр, нийгмийг донсолгосон авлигын хэргийн тухай эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч Владимир Нетогийн бичсэн “Машин угаалга” ном 2016 онд хэвлэгдэж, тэр даруйдаа хамгийн гүйлгээтэй, шилдэг номоор шалгарчээ. Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн эл авлигын хэргийг 2014 оноос эхлэн шалгаж өнгөрсөн хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татаж, 160 хүнийг саатуулан хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан авч улсын орлого болгосоор байна. Миний бие Бразил Улсад ажиллаж байхдаа эл номын зохиогч Владимор Нетотой нөхөрлөн, номын гол баатар, шүүгч Сержио Моротой уулзах завшаан тохиосон бөгөөд “Машин угаалга” номын ерөнхий агуулга ба тухайн үеийн хэвлэлийн мэдээ болон улс төрчид, судлаач нарын сэтгэгдэл, дүгнэлтээс сийрүүлэн Та бүхэнд цувралаар хүргэж байна.
Оршлын оронд
Бразил бол савангийн хөөсөрсөн дуурийг амьдралд бүрнээ хэрэгжүүлж буй орон. Энэхүү “Машин угаалга” номонд өгүүлж буй хэний ч санаанд оромгүй, улс төрийн нарийн зохион байгуулалттай гэмт хэргийн цаад эзэд бол улс төрчид. Тэгэхлээр эл номонд гарч байгаа хүмүүс зохиомол баатрууд биш бодит хүмүүс бөгөөд тэдний ихэнх нь олон түмний танил, нэр нөлөө бүхий эрхмүүд. Эх оронч, ядууст энэрэлтэй, шударга, төрийн туршлагатай түшээ гэх тодотгол, цол гуншинтай тэд улс орныхоо нэрийн хуудас, ард түмнийхээ бахархал нь хэдийнэ болсон байжээ.
Тус номонд гарч буй үйл явдлууд нь тэртээх үеийнх биш, харин эдүгээ цагийнх бөгөөд одоо ч гэсэн үргэлжилж байгаа болно. Өөрөөр хэлбэл энэ номын өгүүлэмж нь та бүхэнд хэзээ нэгэн цагт болсон ямар нэг аймшигт хэргийн тухай дүрслэл биш, яг одоо улс төр хэмээх хаалттай хөшигний ард өрнөж буй гашуун үнэнийг илчилсэн баримтууд юм.
Зохион байгуулалттай авлигын хэрэг бол мөсөн уул лугаа адил. Мөсөн уулын орой л зөвхөн харагддаг, харин агуу том бие нь далайн уснаа далд байдаг. Ард түмэн улс оронд нь, тэр дундаа улс төрд авлига нэвчсэнийг мэдэрдэг авч, тэд авлига хэмээх асар том мөсөн уулын зөвхөн оройг харах төдий, нэг хэсэгтээ хэвлэлээр шуугиад өнгөрөхийг нь сонсоод л сураг алддаг. Улс төрчдийн элдэв зальжин тайлбар тэднийг тайвшруулж, тун үгүйдээ л эргэлзээнд хэсэгтээ автуулж, цаг хугацааны аясаар шуугиан намдсаар сааран мартагддаг бөлгөө.
Харин шүүхийн байгууллагаас авлигын хэргүүдийг баримт нотолгоотой илчлэх нь мөсөн уулын их биеийг уснаас суга татан ил гаргахтай адил буюу. Маш ихээр цочирдсон олон нийт -Арай ч дээ, үнэн гэж үү! хэмээн уулгалан нэг хэсэгтээ итгэж үл ядна. Заримдаа тэд жаахан хүүхдүүд шиг аашилна. Яг л аавыг нь хулгайч гэж хэлэхэд итгэхийг ч үл хүсэн уурлан дайрдаг хүү шиг хайртай улс төрчийнх нь хэргийг илчлээд байхад хамгаалан жагсаад, өмгөөлөн хаацайлаад байхыг яана. Ядуусын эцэг, үндэсний баатраа хамгаалсан мөн ч олон удаагийн цуглаан зохион байгуулагдсан даа, Бразил Улсад.
Орооцолдсон утасны үзүүрээс атгав
Бразилийн Парана зэрэг томоохон мужуудын шатахуун түгээх станцуудад валют солих замаар мөнгө угаах ажиллагаа борооны дараах мөөг шиг олширч байгаа тухай долоо хоног тутмын “Вежа” сэтгүүлд нийтлэгдэж эхлэв. Нийслэл Бразилиа хотын шатахуун түгээх зарим газрууд үндсэн ажлаа эрхлэхийн оронд кафе энэ тэрхэн ажиллуулсан шигээ оршин тогтносоор удаж байгааг цагдаагийнхан анзаарах болжээ. Бразилд шатахуун түгээх цэгүүд дэргэдээ авто угаалгын үйлчилгээ эрхлэх нь нийтлэг. Чухам эндээс “Lava Jato” буюу “Машин угаалга” хэмээх цагдаагийн операци нэршлээ олсон бөгөөд тун удалгүй олон жилийг дамнан үргэлжлэх “Зад угаах” ажиллагаа болно гэдгийг тухайн үед хэн ч төсөөлж байсангүй.
2014 оны 3-р сарын 15-нд Нелма Кодама хэмээх 48 настай валютын чейнж эмэгтэй хамсаатныхаа хамт Сан Пауло хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан хэрэг гарлаа. Тэрээр 200 мянган еврог дотоождоо нуун хил даван нисэхээр завдсан ажээ. Хатагтай Кодама нь мөнгө угаах ажиллагааны их мастер Алберто Иойссефтой тун чиг дотно харилцаатай төдийгүй олон жил түүнд үнэнчээр зүтгэж, гар хөл нь болсоор иржээ. Тиймдээ ч тэр 19 жилийн хорих ял авсан биз.
Яг үнэндээ Нелма баривчлагдсан учраас Иойссефийг мөрдөж эхэлсэн ч юм биш. 2013 оноос эхэлж цагдаагийнхан чейнжүүдийн гар утсыг чагнаж эхэлсэн байж. Тухайн үед тэдний анхаарлыг Карлос Чатер хэмээх шатахуун түгээх станцын эзэн залуу татаж байсан юм. 2013 оны 7-р сарын 28-ны өдөр Чатерийн утасны ярианаас Алберто Иойссефтой холбоотойг нь олж тогтоосон гэдэг. Үнэндээ түүний нэрийг олоход амаргүй байв. Учир нь чейнжүүд түүнийг “Примо” буюу “Том ах” хэмээн дууддаг байлаа. Харин нэг удаа Чатер түүнтэй ярьж байхдаа гэнэ алдаад Бето (Алберто гэсэн нэрийн товчлол) хэмээн дуудсан нь хар авхуулсан байна. Тэдний яриаг чагнаж байсан цагдаа нар Бето гэж хэн болохыг дуугаар нь хөөн төд удалгүй таньчихав. Ийнхүү мөнгө угаах сүлжээний цаад эзэн нь Алберто Иойссеф болохыг мэдмэгц шүүгч Сержио Мород хэргийг улам ухах сонирхол төрөөд явчихлаа. Учир нь тэд хуучны танилууд.
2005 онд Бразилийн улс төрчид тэр дундаа тухайн үеийн Ерөнхийлөгч Лула да Силва хүртэл орооцолдоод амжсан “Менсалао” нэртэй цагдаагийн операцийн үед Иойссефийг баривчлан хорьж байсан удаатай. Менсалао гэдэг нь тэтгэмж гэсэн утгатай үг. Засгийн эрхийг барьж байсан Хөдөлмөрчдийн намаас сар бүр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын нөлөө бүхий гишүүдэд тухайн үеийн ханшаар 12 мянган ам.долларын хишиг хүртээдэг байжээ. Ийнхүү угжны депутатууд бий болсоноор эрх баригч намын хүссэн хуулийг дуу нэгтэй батлан дэмжих болсон юм. Харамсалтай нь энэхүү угжны мөнгө эрх баригч намаас бус, харин төрийн өмчит компаниудаас зар сурталчилгаа нэртэйгээр урсан гардаг байв. Аанай л улс төрчид төрийн өмчит компаниудыг өөрсдийнхөө “Саалийн үнээ” болгосон хэрэг. Тус хэргийг шүүн таслах үйл ажиллагаанд шүүгч Моро оролцож байсан бөгөөд Иойссефийг ч тэрээр яллажээ. Мөнгө угаах гэмт хэрэгт дахин оролцохгүй хэмээн ам өчгөө өгсөн Иойссеф хугацаанаасаа өмнө суллуулж байсан юм. Итгэл алдсан эртний танилтайгаа эргэн уулзах нь тодорхой болов. Түүний ард улс төрчид нуугдаж байгаа нь гарцаагүй.
2014 оны 3-р сарын 16-нд Парана мужийн Куритива хотын Холбооны цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Марсио Анселмо нь Алберто Иойссефийг баривчлах тушаалыг дахин нэг шалган үзээд цагдаа нартаа үүрэг өглөө. Түүнийг Сан Пауло дахь 3,8 сая реалийн үнэтэй тансаг ордноос нь баривчлахаар дөрвөн цагдаа ойрмогхон буудалд тэр өдрийн оройдоо байрлав. Цагдаа нар хэрхэн баривчлах тактикаа ярилцан дахин дахин нягталсаар хоножээ. Маргааш өглөө нь үүрээр хоёр цагдаа машинтайгаа гадаа харуулд гарч, харин хоёр нь гэр рүү шууд нэвтэрч баривчлахаар тохиролцов. Маш хурдан хугацаанд гэрт нь орохгүй бол байрны харуул сэжиг авч эзэндээ мэдээлнэ. Сэжиг авбал баримтуудаа устган зугатах эрсдэлтэйг ч тэд мэдэж байлаа. Алберто Иойссеф бол долоо буудуулсан хашир чоно. Тэрээр олон машинтай төдийгүй хэд хэдэн нисдэг тэрэг бас усан онгоцтой. Зүг чигээ буруулахдаа гарамгай нэгэн.
Цагдаагийнхан төлөвлөгөө ёсоор өглөөний 6 цагт баривчлахаар очсон ч тэрээр шөнөдөө гэрээсээ явчихсан байлаа. Түүний эзэмшдэг зуун гар утасны нэг Сан Пауло хотын нисэх онгоцны буудалд хальт нээгдээд тасарсан мэдээтэй. Харин маргааш нь Маранао мужид сураг гарах нь тэр.
3-р сарын 17-нд Иойссеф Маранаогийн таван одтой хамгийн тансаг буудалд туслах залуугийнхаа хамт хоёр хар цүнхтэй хүрэлцэн ирлээ. Түүнд яагаад ч юм түгшүүр төрж байсан ч нүдэнд нь сэжигтэй зүйл үзэгдсэнгүй. Эл өдөр түүний амьдралд байдаг л нэг ажлын өдөр ба цүнхэнд нь мужийн эрх баригчдад дамжуулах ёстой 1,4 сая реал бэлнээр яваа.
Бразилийн барилгын томоохон компаний нэг “UTC” тус мужид 2013 оны 11-р сараас эхлэн концессийн гэрээгээр бүтээн байгуулалтын ажил эхлээд байлаа. Мужийн захиргаанаас сар бүрийн 4,7 сая реалийн төлбөрийг 24 удаа цувуулан авах тохиролцоо хийжээ. Гэрээ хийх үйл явц зургаан сар сунжран үргэлжилсэн гэнэ. Бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байгаа ч төлбөр цаг хугацаандаа хийгдэхгүйгээс шалтгаалан ажил зогсонги байдалд орсон байв. UTC компани 113 сая реалийн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандаад буй. Тус компанийн захирал Рикардо Пессоагийн гуйлтаар Алберто Иойссеф Маранао мужийн удирдлагатай уулзаж учрыг олохын тулд энд иржээ. Учрыг олох ч юу байх вэ. Шуудхан хэлэхэд хахуулийн мөнгө өгөөд ажлыг нь бүтээх үүрэгтэй. Иойссеф өмнө нь авлигын мөнгө тэдэнд дамжуулж байсан тул тэд өгч аваад гаршчихсан улс.
Маранао бол Бразилийн зүүн хойд хэсгийн ядуухан муж. 6 сая гаруй хүнтэй тус мужийн засгийн эрхэнд Ерөнхийлөгч асан Сарнейн гэр бүлийнхэн олон жил ноёрхжээ. Амбан захирагчаар түүний охин Росеана Сарней ажиллаж байсан үе. Чухам тэр хатагтайд энэхүү цүнхтэй мөнгө очиж ужгирсан асуудлыг шийдэх ёстой байлаа.
Холбооны цагдаагийн газрынхан Иойссефийн араас мөшгиж түүний байрлаж буй буудлын хүлээн авах руу залган лавлав. Гай таарч хүлээн авагч эмэгтэй Иойссеф руу шууд холбоод өгчихлөө. Балмагдсан цагдаагийн ажилтан Иойссефтой хальт мэндлээд утсаа тасалчихав. Сэжиг авсан Иойссеф доош яаран буун ямар дугаараас залгасныг нягтлан асуулаа. Куритива хотын кодтой тус дугаар уруу нь буцаан залгаж, Цагдаагийн газар болохыг түвэггүйхэн мэдчихэв. Цагдаа нар үүрээр баривчилдагийг тэр мэднэ. Түүнд зугатах хугацаа байсан ч асуудалтай нүүр тулахаар шийдлээ. Угаасаа нэг л өдөр баривчлагдах нь тодорхой. Харин мөнгөтэйгээ л баригдахгүй юм шүү. Тэрээр шөнийн 03:30 цагт нэг цүнхэндээ бүх мөнгөө чихээд хамт яваа туслахынхаа өрөөнд чимээгүйхэн орлоо. -“Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол Амбан захирагчийн Тамгын газрын дарга эмэгтэйд энэ цүнхийг дамжуулаарай” хэмээв.
-“Танд ямар нэг зүйл тохиолдоо юу” хэмээн гайхан асуухад: -“Үүрээр би зочин хүлээж авах байх” гэж хэлээд гарав.
Цагдаа нарыг өглөөний 6 цагаас арай өмнөхөн өрөөнд нь нэвтрэн ороход Иойссеф гадуур хувцастайгаа хүлээн сууж байсан ба ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй тул гавлах ч шаардлага гарсангүй. Биенд нь нэгжлэг хийхэд долоон гар утас олдсон гэнэ. Дараа нь түүний “GFD” хөрөнгө оруулалтын зөвлөх компаний өрөөнөөс 27 гар утас олдов. Цагдаа нар 100 гаруй гар утаснаас зөвхөн 35 дугаарыг мэддэг байж. Тэрээр харилцаатай улс төрч бүрдээ нэг дугаар нээсэн бөгөөд зөвхөн тэр дугаараасаа л харьцана. Иойссеф бол “нэг хүнд - нэг утас” хэрэглэдгээрээ алдаршсэн этгээд.
Туслах залуу өглөө нь тайвуу босож, цүнхээ аван гарч одсон бөгөөд үдээс хойш гар хоосон буцан иржээ. Харин маргааш нь Мужийн захиргаанаас 4,7 сая реалийг “UTC” компанийн дансанд шилжүүлсэн байдаг.
“Машин угаалга” ажиллагаа нь мөнгөний хэмжээ ба түүнд орооцолдсон нэр нөлөө бүхий улс төрчдийн тоогоороо Бразилд төдийгүй дэлхийд ч толгой цохих авлигын хэрэг болон түүхэнд бичигдэх нь зайлшгүй байх. Чухамхүү энэ хэрэг Алберто Иойссефийн баривчилгаагаар эхэлсэн гэхэд болно. Уулын уруу эрчээ аван өнхрөх цасан бөмбөлөг хэр томордогийг цастай газрын хүмүүс бол мэднэ дээ. Гагцхүү Иойссеф тэр эрчлэн өнхрөх цасан бөмбөлгийн цөм буюу хөврөн орооцолдох хэргийн үзүүр байсан гэдгээ өөрөө ч гадарлаж байсан биз.
Иойссеф өмгөөлөгч рүүгээ тэр өглөөдөө залгасан байдаг. -Моро чамайг баривчлаа юу? хэмээн өмгөөлөгч анхныхаа асуултаар ам нээв. Тэр хариуд нь -Энэ удаагийнх бол чиний бодож байгаа шиг дан ганц миний асуудал биш. Энэ бол Конгрессийг тэр чигт нь донсолгох асуудал хэмээн хариулсан гэдэг.
Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчдийн итгэлийг олон жил хүлээн арын албыг залгуулан авлигын мөнгийг нь зөөдөг Иойссеф бол их гарын эр байлаа. Тэр өөрийгөө хэнээс ч үл айдаг эр хүн гэх боловч ганцхан хүнээс л цэрвэж явдагаа хожмоо сэтгүүлчдэд ярьжээ.
Түүний зүрхэнд орсон тэр хүн бол шүүгч Сержио Моро. Учир нь түүнээс зугатаах гарц байхгүй гэдгийг Иойссеф баттай мэднэ.
Үргэлжлэл бий.
Ч.Сосормаа
/ 01/11/2017
Судалгаа: Олон нийтийн хувьд дээд түвшний АВЛИГАТАЙ тэмцэх тэргүүний сонголт АТГ хэвээр байна
Судалгаа: Олон нийтийн хувьд дээд түвшний АВЛИГАТАЙ тэмцэх тэргүүний сонголт АТГ хэвээр байна
Мэдээ, мэдээлэл / admintaf / 09/05/2017
Азийн Сангаас хийж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааг та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа.
Энэ удаад ДЭЭД ТҮВШНИЙ АВЛИГА хэсгийн судалгааны үр дүнг танилцуулж байна.
Дээд түвшний авлигыг бүрдүүлэх хүчин зүйлүүдэд тодорхойлолтод их өөрчлөлт ажиглагдаагүй ч цаг хугацааны явцад зарим хэлбэлзэл гарсан байна. Жишээ нь 2012 болон 2016 оны сонгуулиар судалгаанд оролцогчдын дунджаас дээш хувь нь "Улс төрийн өндөр сонирхол бүхий хэргүүд"-ийг дурдаж байсан.
2015 болон 2016 онуудад судалгаанд оролцогчдын дунджаас дээш хувь нь "дотоод болон гадаадын том бизнесүүдийн оролцоотой хэргүүд"-ийг дурджээ.
Дээд түвшний авлига тодорхойлолт
График 1, Дээд түвшний авлига тодорхойлолт (зөвхөн хүчин төгөлдөр хариултууд: "хэлж мэдэхгүй/хариулаагүй" болон "бусад" гэсэн сонголтууд ороогүй болно).
2014 оноос хойш дээд түвшний авлигын талаар тодорхой ойлголттой болсон иргэдийн тоо харьцангуй нэмэгдсэн. 2014 онд судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь дээд түвшний авлигын талаар мэдэхгүй эсвэл ямар нэгэн бодолгүй байсан бол энэ тоо буурсаар 2015 онд 11.8 хувь, 2016 онд ердөө 7.8 хувь болсон
2012 оны 11 дүгээр сараас хойш "Монгол улсад дээд түвшний авлига их байдаг" гэж хариулсан оролцогчдын тоо бага зэрэг хэлбэлзсэн хэдий ч өндөр хэвээр байна. 2012 оны 11 дүгээр сард 43.1 хувь байсан нь 2014 оны 3 дугаар сард 37.6 хувь буурсан ч 2016 оны 3 дугаар сард 43.1 хувь болж буцаж өсжээ. "Дээд түвшний авлигын зарим нэг тохиолдлууд байгаа" гэж үзэх оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байна. 2012 оны 11 дүгээр сард 24 хувь байсан нь 2016 онд 35.4 хувь болж өсжээ.
График 2, Монгол дахь дээд түвшний авлигын түвшин
Дээд түвшний авлига Монголд оршиж байгаа шалтгаан нь "Бизнес, улс төрийн сонирхол нийлсэн учраас" гэсэн хариулт 2016 онд 12 хувь болж нэмэгдсэн байна. Энэ нь 2012 оны Улсын их хурлын сонгуулийн жилийн 11.2 хувтай ойр байна. Бизнес болон улс төрийн сонирхол, зөрчилдөөн зэрэг нь сонгуулийн үеэр ил гардагтай холбоотой байж болох ю
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын томоохон компаниуд авлигын арга замыг ихээхэн ашигладаг гэж үзэх оролцогчдын тоо тогтвортой өссөөр 2012 оны 11 дүгээр сард 16.2 хувь байснаас 2016 оны 3 дугаар сард 20.4 хувь болжээ. Харин дотоодын томоохон компаниуд "Асуудлаа авлигаар шийдэх нь түгээмэл" гэж үзэх оролцогчдын тоо харьцангуй тогтвортой байгаа ба 2016 оны 3 дугаар сард 7.8 хувь байна.
Асуудал шийдэгдэхгүй байгаагийн үндсэн шалтгааныг төр засгийн дээд түвшинд ил тод байдал хангалтгүй (17.9 хувь) мөн хууль эрх зүйн тогтолцоо ийм түвшний асуудлыг авч шийдэх чадваргүй байдаг (16.7 хувь) гэж судалгаанд оролцогчид үзжээ. Монгол улсын эдийн засагт хяналт муутай их хэмжээний мөнгө байгаа гэж үзсэн оролцогчдын тоо бага зэрэг буурсан нь нийгэм эдийн засгийн ерөнхий хямралтай холбоотой байж болох юм.
График 3, Яагаад дээд түвшний авлига Монголд оршиж байна вэ?
Судалгаа хийгдсэн хугацааны туршид дунджаар оролцогчдын гуравны нэг нь ДТА хахуулийн хэмжээг мэднэ хэмээн хариулжээ. 2016 онд энэ тоо 33.8 хувь байна. Оролцогчдын хариултыг бодитоор нь хэмжихэд их хэмжээний зөрүүтэй байна.
Танд дээд түвшний авлигын хэмжээний талаар төсөөөлөл байна уу?
График 4, Дээд түвшний авлигын хэмжээний талаарх төсөөлөл
2016 онд олон нийтийн дээд түвшний авлигын талаарх мэдээлэл авах нь буурсан байна. 16.5 хувь нь ДТА-ын талаар "байнга" олж сонсдог гэсэн бол судалгааны дундаж 20.6 хувь байна. Энэ нь мөн л сонгуулийн улиралтай холбоотой байж магадгүй. Учир нь 2012 онд судалгаанд оролцогчдын 16.1 хувь дээд түвшний авлигын талаар "байнга" олж сонсдог гэж байсан ба дараагийн судалгаагаар энэ тоо өссөн. Хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс сонгуулийн үеэр түгээж буй мэдээлэл үүнд нөлөөлдөг байж болох юм.
Та дээд түвшний авлигын талаар хэр их олж сонсдог вэ?
График 5, Дээд түвшний авлигын талаар олж сонсох
Дээд түвшний авлига ихэвчлэн ямар хэлбэрээр байдаг талаарх санал бодол 2012 оноос хойш мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй хэвээр байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь "бэлэн мөнгө" гэж хариулдаг. Дараагийн хамгийн түгээмэл нэрлэгдсэн хэлбэр нь "захиргааны албан тушаал" байсан.
График 6, Дээд түвшний авлигын хэлбэрийн чиг хандлага (Олон сонголт хариулт-нийт хувь нь 100-аас их)
Цаг хугацааны явцад дээд түвшний айл өрхүүдэд үзүүлж буй үр нөлөөний талаар олон нийтийн санаа бодолд ихээхэн өөрчлөлт гарсан. Анх 2012 онд Монголын ард иргэдэд дээд түвшний авлига гэдэг ойлголтыг танилцуулж байхад нийт хүн амын 42.4 хувь ДТА-ын талаар ямар нэгэн үзэл бодолгүй эсвэл тухайн өрхөд үзүүлж буй нөлөөллийн талаар мэдэхгүй байсан юм.
Дараа жил нь энэ тоо 19.7 хувь болж буурч бага зэргийн хэлбэлзэлтэйгээр энэ хэмжээндээ үлдсэн. 2016 онд ямар нэгэн бодолгүй/мэдэхгүй гэж хариулсан оролцогчдын тоо 17.1 хувь болж буурсан. Амьжиргааны түвшин ихээхэн муудсан байгаа ч хүн амын томоохон хэсэг нь одоог хүртэл өндөр түвшний авлигын нөлөөг мэдэхгүй, уялдаа холбоог нь ойлгож чадахгүй байна (CMC Politbrometer судалгааны мэдээлснээр, 2012-2016 он).
Дээд түвшний авлига тухайн өрхөд ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж хариулах оролцогчдын тоо өмнөх судалгаагаар бага зэрэг хэлбэлзэж байсан ба зөвхөн 2013 оны 3 дугаар сараас хойш нэмэгдэж байна. 2015 оны 3 дугаар сар болон 2016 оны 3 дугаар сард судалгаанд оролцогчдын дөрөвний нэг орчим нь ДТА ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж үзсэн (тус тус 23.8 хувь ба 24.9 хувь).
Олон нийтийн хувьд ДТА-тай тэмцэх тэргүүний сонголт АТГ хэвээр байна. АТГ гэсэн сонголт 2014 онд 35.7 хувиас 2015 онд 30.8 хүвь болж буурсан хэдий ч 2016 онд буцаж 36.6 хувь болсон байна. Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг Засгийн газар удирдан зохион байгуулах ёстой гэж үзэх судалгаанд оролцогчдын тоо сүүлийн гурван жилд тогтвортой буурсаар байна. 2014 онд 26.2 хувь, 2015 онд 20.4 хувь ба 2016 онд 17.3 хувь болжээ.
Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг хэн/ямар байгууллага удирдан зохион байгуулах ёстой вэ? (1 сонголт)
График 7, Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг удирдах байгууллага
ДТА-ын өрхийн амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар асуухад судалгаанд оролцогчдын гуравны нэг нь "амьжиргааны түвшин буурч байна" гэж хариулсан. Судалгаа хийгдсэн хугацааны туршид судалгаанд оролцогчдын ойролцоогоор дөрөвний нэг нь үнийн өсөлтийг тэмдэглэсэн (23.0 хувь) бол тавны нэг нь хүнд суртал болон ил тод бус байдлыг онцолж байна (19.2 хувь). Дээд түвшний авлига гэр бүлийн бизнест сөргөөр нөлөөлж байна гэж үзэх судалгаанд оролцогчдын тоо бага багаар нэмэгдсээр байна. Энэ тоо нь 2013 оны 3 дугаар сард 4.5 хувь байсан бол 2016 оны 3 дугаар 11.8 хувь болж хоёр дахин нэмэгджээ.
График 8, Дээд түвшний авлига өрхүүдэд үзүүлэх нөлөө
Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын талаар асуухад судалгаанд оролцогчид "Авлигатай тэмцэх хууль эрх зүйг боловсронгуй болгох" нь хамгийн үр дүнтэй гэж үзжээ. Энэ нь олон нийт одоо байгаа хууль тогтоомж дээд түвшний авлигыг арилгахад хангалтгүй гэж үздэгийг илтгэж байна. Хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх арга хэмжээ нь хоёр дахь хамгийн түгээмэл сонголт байсан. Авлигын эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх улс төрийн намууд болон бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжих арга хэмжээг багатай байна гэж үзсэн
График 9, Дээд түвшний авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга (олон сонголт-зөвхөн хүчин төгөлдөр хариулт)
Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.
Азийн сан / 09/05/2017
"Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал" сэдэвт судалгааны дүнтэй танилцлаа
"Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал" сэдэвт судалгааны дүнтэй танилцлаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 28/03/2017
Эх сурвалж: http://www.mecss.gov.mn/post17032702
Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж, төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ. БСШУСЯ-ны судалгааны мөрөөр тодорхой ажил зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг танилцуулгын төгсгөлд дурдлаа.
Авлигатай тэмцэх газар / 28/03/2017
Авлига байсаар байгаагийн шалтгааныг олох ёстой
/ 07/11/2016
Транспэрэнси Интернэйшнл байгууллагын "Чуулган хуралдаан"
Транспэрэнси Интернэйшнл байгууллагын "Чуулган хуралдаан"
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 27/09/2016
Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 8-30 аас 9-1ны хооронд ''Транспэрэнси Интернэшнл'' байгууллагын чуулган хуралдаж дэлхийн 115 орны 300 гаран төлөөлөгч оролцлоо.
Энэхүү хурлын 2 дахь өдрийн хурлаар "Авлигатай тэмцэх" асуудал дээр тулгамдсан асуудал үүсээд байгаа Малайз,Тунис ба Монгол улсуудад хандаж албан мэдэгдлийг гаргалаа.
Энэхүү албан мэдэгдлийг гаргахын өмнө эдгээр орнуудад үүсээд байгаа нөхцөл байдлыг тус тусад нь хэлэлцэв.Тухайлбал Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж мөрдөн шалгаж байсан Малайзийн АТГ ажилтнуудыг хомроглон халсан асуудал түүнийг тойрон үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн бөгөөд Малайз ба Индонез улсад "Авлигатай тэмцэх" асуудалд улс төрчид нөлөөлж эхэлсэнээс хойш шудрага ёсны төлөөх жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байгаа бол Тунис улсад Тунисийн хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг мөн хэлэлцэв.Монголд баталсан өршөөлийн хууль нь авилгачдыг өршөөх хууль болон батлагдсаныг хуралдааны явцад хэлэлцэж олон төлөөлөгч саналаа хэллээ.Төв азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь НҮБ-ийн конвенцийг зөрчсөн авлигачдыг өөхшүүлсэн хууль болж хувирсаныг ихээхэн шүүмжилж байв.Монгол улсын парламентын баталсан хууль түүний тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол улс Авлигын хямралт байдалд орох үүнээс улбаалан Малайз ба Индонез улсуудад үүссэний адил улс төр эдийн засгийн тогтвортой байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг байгааг төлөөлөгчид анхааруулж байв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд санал өгөх эрх бүхий 115 улсын эрх бүхий "Tранпэрэнси Интернэйшнл" байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар дараахь мэдэгдлүүдийг батлав.Малайзын засгийн газарт хандан авлигын хэргүүдийг шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй саад хийхгүй байхыг уриаллаа.
Монгол улсын хувьд өршөөлийн хуулийг батлан авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шудрага ёсыг уландаа гишгэсэн тэмдэглэж буруу шаав."Tранпэрэнси Интернэйшнл" энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу Монгол улсад шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллан Монголын парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиллах болно.
Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPC-д Дэлхийн 130 гаран орны 1200 төлөөлөгчид оролцсон Авлигын эсрэг Олон улсын 16-р их хурал хуралдлаа.Анхны хурлыг 20 гаран жилийн өмнө Хонкконгын Авилгатай тэмцэх газар санаачлан хийж байснаас хойш олон улсын Авилгын эсрэг хамгийн том хурал болон хувирчээ.Энэ жилийн хурлын уриа нь Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс болгоё уриан дор болсон.
Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өөрийн оронд засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт холбогдон олон улсад өөрийн нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа.Авлигын эсрэг Олон хурлын даргалагч Акера Муна хурлын нээлтэнд 'Авилга авсан бол түүний ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой' гэж мэдэгдсэн бол "Tранпэрэнси Интернэйшнл" байгууллагын удирдах зөвлөлийн дарга "Хосе Угаз" хурлын нээлтэн дээр мянга мянган хүмүүс 'Авлигачдад та нарт гишгэх газаргүй болсон' гэдгийг хэлж байна хэмээн мэдэгдлээ.Хосе Угаз өөрийн даргалан хэлсэн салбар хуралдаан дээр Монгол улсад батлагдсан авлигачдыг өршөөх хуулийн талаар мөн шүүмжилж авлигачид ял шийтгэлээс мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байгааг онцлов. http://16iacc.org/about/declarations/)
Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлд улс орон бүрийн засгийн газар,иргэний нийгмийн байгууллагууд иргэд,залуучууд хамтран шинэлэг,ил тод хариуцлагатай тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эрсдэлтэй бөгөөд тухайн нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ.Өндөр түвшний авлигачдын эсрэг нийгмийн шудрага хүчин тэмцэх ёстой бөгөөд авлигачид шийтгэлгүй үлддэг нийгэмд шинэчлэгдэн хөгжиж чадахгүй гэжээ.
Малайзд хуралд оролцогчид бид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг онцолж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг онцлов.
Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авлигачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шудрага ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов.
Транспэрэнси интернэшнл монгол / 27/09/2016
“Эмийн салбарын ил тод байдал” эвслийн талаарх ярилцлага
“Эмийн салбарын ил тод байдал” эвслийн талаарх ярилцлага
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 15/09/2016
Энэхүү эвсэлд дэлхийн бусад орнуудад хэрхэн байгуулагдсан бэ?
Анх 2008 оны 5-р сард Англи улсын Лондон хотод “Эм зүйн салбарын ил тод байдал” олон улсын эвсэл байгууллага эрүүл мэндийн салбар, эм зүйн салбарт сайн засаглал, ил тод байдлыг нэвтрүүлэх зорилгоор байгуулагджээ. Улмаар дэлхийн хэмжээнд 2009-2010 онуудад Гана, Жордан, Киргизстан, Перу, Филиппин, Уганда, Замби зэрэг 7 улс орнуудад эм зүйн салбарын ил, тод байдлыг сайжруулах эвслүүд байгуулагдан өргөжиж байна. Эдгээр улс орнууд нь эм зүйн удирдлагын ил тод байдлыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд авилгаас сэргийлэх Дэлхийн санаачлагад ихээхэн хувь нэмрээ оруулж байна.
Манай улсын хувьд “Эмийн салбарын ил тод байдал” эвсэл нь 2015 оны 2-р сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилга болон санхүүгийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Эвсэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, “Транспэрэнси Интэрнэшнл-Монгол” ТББ, “Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” ТББ, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүй био-анагаахын сургууль зэрэг байгууллагууд нэгдэн орсон.
Эрүүл мэндийн хөгжлийн төв Эмийн салбарын ил тод байдал” эвсэл хамтран ажиллах санамж бичгийг зурсан болно.
Энэхүү ажлын хүрээнд АТГазартай мөн хамтран ажиллаж байна
Энэхүү “Эмийн салбарын ил тод байдал” байгууллага нь төрийн, хувийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран эм зүйн салбарт ил тод байдлыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний алсын хараа бол Монгол улсад эм зүйн салбарын сайн засаглал, ил тод байдал бүхий тогтолцоог бий бол гол зорилго бол Төрийн, хувийн болон төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудтай хамтран эмийн худалдан авалт, хангамж, эмийн жор бичилт, үнэ, эмийн түгээлт, хэрэглээнд ил тод, хариуцлагатай байдлыг нэвтрүүлж төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эм зүйн салбарын ил тод байдлыг хангах болно.
Эдгээр зорилгод хүрэхийн тулд ямар зорилт тавин ажиллаж байна бэ?
Бид дараахь зорилтуудыг тавиад ажиллаж байна. Төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцуулан эм зүйн салбарын ил тод байдлыг тодорхойлох мэдээ, мэдээллийг цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, улмаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, бодлого боловсруулахад хамтран оролцох;
- Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт эм зүйн удирдлагын ил тод байдлын талаар мэдээлэл, нөлөөлөл сурталчилгааны үйл ажиллагаа явуулах;
- Эмийн талаар иргэд олон нийтэд үнэн зөв мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулж тэдний мэдлэг, хандлага болон дадлыг өөрчлөх;
Бид 2016 оны 5 сараас ЭМСЯ, ДЭМБ, ЭМХтөвтэй хамтран Эмийн салбарын Ил Тод байдлын үнэлгээг хийхээр ажиллаж байна. Бидний хамтран ажиллах гол байгууллагууд бол дараахь байгууллагууд болно.
- Олон улсын байгууллагууд: Транспэрэнси Интернэшнл - ОУБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Азийн хөгжлийн банк (АХБ), “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4” төсөл;
- Төрийн байгууллагууд: Эрүүл мэнд, спортын яам (ЭМСЯ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ), Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо (ЭМЁХ), ЭМСЯ-ны харъяа эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар;
- Боловсролын байгууллагууд: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУИС)-ийн Эм зүй био-анагаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль;
- Хувийн байгууллагууд: Эмийн үйлдвэрлэгчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компаниуд, эмийн сангууд;
- Төрийн бус байгууллагууд: Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Монголын эм хангамжийн байгууллагуудын холбоо болон бусад эрүүл мэндийн чиглэлээлр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд;
- Иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд; өвчтнүүдийн эрх ашгийг хамгаалах холбоод, хөнгөвчлөх эмчилгээ, диабетийн хобоод гэх мэт
- Бусад байгууллагууд: Авлигатай тэмцэх газар (АТГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ).
Цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- “Эм зүйн салбарын ил тод байдал” эвслийн Удирдах зөвлөлийн дүрэм, журам боловсруулах;
- “Эм зүйн салбарын ил тод байдал” эвслийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
- Эм зүйн удирдлагын ил тод байдлын үнэлгээг бусад оролцогч талуудтай хамтран явуулах;
- Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт эм зүйн удирдлагын ил тод байдлын талаар мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
- Эмийн талаар иргэд олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулж тэдний мэдлэг, хандлага болон дадлыг өөрчлөх;
- Бусад улс орнуудын эм зүйн салбарын ил тод байдлын талаар туршлага солилцох;
- Эм зүйн удирдлагын ил тод байдлыг эрчимжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх;
- Эвсэлд гишүүн элсүүлэх ажил өрнуулж үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх;
- Эм зүйн чиглэлийн сургалт, семинар зохион байгуулах; сургалт, семинарт хамрагдах.
Та саяхан олон улсын хуралд оролцсон гэсэн энэ талаараа тодруулахгүй юу?
- Миний бие 2015 оны 11 сард ДЭМБ зүгээс зохион байгуулсан Эмийн салбарын ио тод байдлыг бэхжүүлэх олон улсын хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд Эмийн салбар дахь сайн засаглалын 10 жилд юу хийв, Номхон далайн Зүүн Өмнөд бүсийн орнууд дахь Эмийн салбарт хийж буй үнэлгээ, Баруун бүсийн орнууд дахь эмийн хангамж хүртээмж , Малайз, Тайланд , Филиппины улсууд дахь эмийн салбар дахь сайн засаглалын ололт амжилт, олсон амжилт, Улс орнууд дахь эмийн суртачилгаа маркетинг , Тайландын эм зүйчдийн дунд ёс зүйн кодыг нэвтрүүлсэн туршлага, Ил тод байдал ба хариуцлага тогтолцоо ба Сингапурын туршлага, Филиппинд өвчтний эрх ашгийг хамгаалах байгууллагууд юу хийж чаддаг бэ?, UNDP – Global Anticorruption Initiative –GAIN байгууллагаас хийж буй ажлууд, Бангладешийн туршлага, ADB CoRE туршлага ,Эмийн салбар дахь ашиг сонирхлын зөрчил гэж юуг хэлэх бэ?, Эмийн салбар дахь Үндэсний ил тод байдал ба хариуцлагын үнэлгээг хийж буй ДЭМБ мэдээлэл зэрэг илтгэлүүд тавигдсан. Жишээ нь сүүлийн 10 жилд эмийн салбартямар дэвшил гарав гэхээр Худалдан авалт сайжирсан, эмийн салбарын хуулийн орчин ба ил тод байдал үнэ, бүртгэл, ашиг сонирхлын зөрчил зэрэгт эерэг өөрчлөлт гарсан. Цаашдаа ДЭМБ зүгээс техник тусламж, үнэлгээний аргачлал, туршлагуудаа хуваалцах, хамтын ажиллагаа ба ил тод байдлыг бүх улс орнуудад нэвтрүүлэх чиглэл барьна гэдгээ мэдэгдсэн. Улс орнуудын хувьд Үндэснийн хэмжээнд улс орнууд юу хийх ёстой бэ? Ил тод байдал, хариуцлага, оролцоо, ёс зүй, хуулийн хэрэгжилт зохицуулалт, тэгш эрх, удирдан чиглүүлэх, бодлогы бичиг баримтуудыг гаргах, төлөвлөх ажлуудыг хийх шаардалагатай гэдгийн онцолж байв. Номхон далайн Зүүн бүсийн орнуудад хийгдсэн Эмийн салбар дахь нөхцөл байдлын судалгаа хийсэн бөгөөд энэ аргачлалаар 2 долоо хоногт эмийн хангамж, эмийн сонголт, эмийн хэрэглээ, эмийн зохицуулалт, эмийн талаархь бодлого хэсэгт судалгаа хийсэн ба Үр дүн - Хангамж сул, Зохисгүй хэрэглээ, зохицуулалт сул, бодлого хэрэгждэггүй гэж гарсан. Зөвлөмж-цахимжуулах, нөөцийг бэхжүүлэх хүн ба хөрөнгө, хэрэглээ ба бодлого дээр өндөр түвшний зохицуулалт шаардлагатай гэж зөвлөсөн. Малайзын туршлага бас их сонирхолтой байв. Малайз дахь эмийн сайн засаглалын туршлага нь Салбар хоорондын яамдуудын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, Худалдан авалтаа ил тод боловсронгуй болгосон,Женерик эмийг дэмжсэн-жорыг химийн нэрээр бичдэг хууль,Дотоодын эмийг давуу эрхээр худалдан авдаг ба эмийн зүгээс төрийн Бодлого дээрээ эмийн хүртээмж, үнэ, зохистой хэрэглээг гол чиглэл болгож үзсэн. Эмийн салбар дахь сайн засаглалын Тайландын туршлага бол тэд улс орнууд болгонд тулгарч буй асуудал өөр байна, түүнд тохирсон стратеги чухал, эмийн ил тод байдалд оролцоо-иргэд, төрийн бус байгууллага, сошиал медиа чухал гэж байв .Филиппин улс Эмийн салбарын ил тод байдлын төр ба хувийн хэвшил, төрийн бус ба иргэдийн хамтарсан эвслийг байгуулан ихээхэн амжилт олсон орон. Хямд эмийн хууль, женерик эмийн хууль, эмийг багцлан хямдаар худалдах хууль, улсын мэдлийн эмийн бөөний төвүүдийг бүсчлэн байгуулсан. Мөн өвчтнүүдийн эрх ашгийг хамгаалах холбоод нь маш хүчтэй ажиллаж байгаа.
Эмийн чанар хүртээмж нь хүний эрхтэй хэрхэн холбогддог бэ?
- Үндсэн хуулиар олгогдсон Хүний эрх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд холбогдоно. Бүх Нийтийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах- Universal Health Coverage нь хүний рэхийн тэгш байдал , санхүүгийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ авсанаас санхүүгийн хүнд байдалд орохгүй байх, чанартай хэрэгтэй үйлчилгээг авах, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ, нөхөн сэргээлт, хөнгөвчлөх эмчилгээтэй салшгүй холбоотой юм. Зөвхөн Монгол гэлтгүй олон оронд Баруун бүсийн орнууд дахь нийтлэг бэрхшээл нь хуулийн орчин ба зохицуулалт сул, Эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн ба хүний нөөц, Эм хангамжийн чанар ба ил тод байдалд хяналт тавих байгууллагуудын хэрэгжилтийг хангах байгууллагуудын чадамж ба Ил тод байдал ба хариуцлагын тогтолцоо сул байна. Бүх Нийтийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах- Universal Health Coverage хангах шаардлагатай эмийг худалдан авах санхүүгийн боломжгүй, Өвчтнүүдээс төлөх төлбөр өндөр, ядууст хүрэлцээгүй,Нотолгоон дээр үндэслэж ил тодоор шаардлагатай эмийг худалдан авдаггүй , зохистой хэрэглээ сул байгаа зэрэг нь Монгол улсын хувьд ч тулгамдаад байгаа асуудал юм.
Эмийн салбарын ажилчдын ёс зүй асуудал хэр чухал бэ?
- Ашиг сонихрлын зөрчлийг эмийн салбарт хэрхэн сэргийлэх бэ? Сэдвээр их сонирхолтой илтгэл тавигдсан. Марк Родвин гэх хуульч уг илтгэлдээ , Эдийн засгийн сонирхол шалтгаант Ашиг сонирхлын зөрчил- эмч, төрийн албан хаагчид бол Итгэл үнэмшлийн Ашиг сонирхлын зөрчил – судлаачдаас гардаг гэж хэлж байсан. Шийдэл нь эдгээр хүмүүс -Хувийн сектороос харилцааг нь таслах, Хувийн сектор дахь оролцоог , бизнес эзэмшлийг зогсоох, Төрийн ажлыг хийж байх үед болон ажлаас гарсны дараахь хязгаарлалт хийдэг байх, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг ба Ашиг Сонирхлын Мэдүүлэг бөглүүлэх, ил тод байдлыг нэвтрүүлэх гэж онцолж байв. Мөн Төрийн албан хаагч ба эмзүйчдийн ёс зүйн асуудлууд сэдвээр Жон Жексон, Австралийн Эм Зүйчдийн холбооны зүгээс илтгэл тавьсан. Тэрээр эм зүйчид нотолгоон дээр суурильсан, урьдчилан сэргийлэх ,шинэлэг , судалгааг дэмждэг эмийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг чухалчилдаг хүмүүс байх ёстой гэж онцолж байсан. Эмийн суртачилгаан дээр бол гадны орнууд эмийн суртачилгааг хянах хороог байгуулан хажууд нь иргэд ба ТББ ажиллаж байхаар зохицуулалт хийжээ.
НҮБ ба Азийн хөгжлийн банкны зүгээс эмийн чиглэлээр ямар ажлуудыг хийдэг бэ?
- НҮБ Хүн Амын Хөгжлийн сангаас Эмийн бодлогыг дэмжих-Салбар хоорондын уялдааг хангах, салбар дотроо авлигын эсрэг бодлогын бичиг баримтууд гаргахад дэмжлэг үзүүлэх, чадавхийг сайжруулах-Төр ба ТББ иргэд хяналт хйих чадвар ,ухуулга мэдээлэл суртачилгаа- Авлигын эсрэг өдөр, Мэдлэг ба менежмент –судалгаа, суралцах чиглэлээр дэмжлэг үзүүлдэг бол Азийн хөгжлийн банкны зүгээс Үндэсний Эмийн Зохицуулалтын бүтцийг дэмжих, Эрүүл мэндийн дэд бүтцийг, ил тод засаглал ба санхүүжилтийг дэмжих, Нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэх, Чанартай хямд хүртээмжтэй эмийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилдаг. Төгсгөлд нь Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн эмийн зохицуулалтын албыг бэхжүүлэх, эмийн зохистой хэрэглээг хэрэгжүүлэгч төрийн байгууллага бэхжүүлэн АНУ зэрэг орны FDA мэт хүчирхэг байгууллага болгон бэхжүүлэхийг Азийн хөгжлийн банкны зүгээс зөвлөдөг бөгөөд энэ нь ч манай улсын үндэснийн аюулгүй байдал ба иргэдийн эрүүл мэндэд ихээхэн чухал зүйл гэж би боддог .
Хамтарсан хэвлэлийн бага хурлыг дэлхийн антибиотик тэсвэржилтийн өдрөөр буюу 2015 оны 11-16 нд хийв
Эвслийн анхдугаар чуулганд төр ба төрийн бус байгууллагын олон төлөөлөл оролцлоо
Эмийн Салбарын Ил Тод Байдлын эвсэл ба Эрүүл Мэндийн Хөгжлийн төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Транспэрэнси интернэшнл монгол / 15/09/2016
Авлигын Төсөөллийн Индекс 2015
Авлигын Төсөөллийн Индекс 2015
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 14/09/2016
2015 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар 2016 оны 1-р сарын 27-ны өдөр зарлаж байгаатай холбогдуулан Транспэрэнси Интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Хосэ Угаз мэдэгдэл гаргасан байна.Тэрээр хэлэхдээ судалгаанд хамрагдсан 168 орны гуравны хоёр нь "50'' онооноос доош оноо авчээ.("100" оноо авбал авилгагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог).Энэ нь авлигын асуудал дэлхийн дийлэнх оронд ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байна.Гэсэн хэдий ч 2015 онд дэлхийн өнцөг булан бүрт иргэд авлигын эсрэг тэмцэж,жагсаж,эрх баригчдад өндөр түвшний авлигын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэх цаг нь болсныг хатуу сануулсан жил байлаа.Өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий цөөнх нь албан тушаалаа ашиглан хөлжиж олонхид болон нийгэмд ноцтой хор уршиг хохирол учруулдгаараа хамгийн аюултай үзэгдэл байдаг бөгөөд ихэнх тохиолдолд өндөр түвшний өндөр түвшний авлига үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь харамсалтай явдал юм гэжээ.
Өнгөрсөн онд "Транспэрэнси Интернэшнл" байгууллага өндөр түвшний авлигачдыг нэр дэвшүүлэн нэрлэж санал өгөх unmaskthecorrupt.org сайтыг ажиллуулж эхэлсэн бөгөөд дэлхийн улс орнуудад иргэд нь өндөр түвшний авлигын хэргийг илрүүлэн ял шийтгэл хүлээлгэхийг хүсэж байгааг тодорхойлох зорилготой юм.
Авилгын төсөөллийн индекс 2015 оны дүнгээс харахад Бразил улс өнгөрсөн оноосоо "5" оноо дутуу авч 7 байраар хойшилж 76-р байранд орсон байна.
"Петробас" компанийг тойрсон авлигын асуудал энд нөлөөлсөн бөгөөд үүнийг шудрага шүүхээр шийдэж чадсанаар авлигыг зогсоож чадсан байна. 2015 оны сайн мэдээнүүдийн нэг нь өндөр түвшний авлигын эсрэг тэмцсэн Монгол улс, авлигын эсрэг шүгэл үлээгчд-ийн эрхийг хамгаалсан Гватемал зэрэг улсуудын ард түмний тэмцэл,тэдний ялалтыг онцлох нь чухал юм гэж тэрээр мэдэгдсэн байна.
2015 оны Авлигын төсөөллийн индексийн дүн
Авлигын төсөөллийн индекс нь 168 орны төрийн албан дахь авлигын төсөөллийн ур дүнг харуулдаг.Дани улс сүүлийн 2 жилд хамгийн өндөр оноо авч хамгийн авлигагуй цэвэр орноор тодорч тэргүүлж байгаа бол Хойд Солонгос ба Сомали улс 8 оноо авч баян ходоод болжээ.Тэргүүлж буй орнуудад дараах нийтлэг шинжүүд илэрч байна. Хэвлэлийн эрх чөлөө,төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй,шүүх засаглал нь шударга,баян ба ядуу хүмүүст тэгш хандах,төрийн бусад байгууллагуудаас хараат бус байдал зэрэг орж байна. Хамгийн доод оноо авсан улс орнуудад ажиглагдаж буй нийтлэг шинж нь дайн тулаантай,засаглал нь сул,цагдаа ба шүүх засаглал нь сул,хараат байдал,хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагдаж байна.
Сүүлийн 4 жилд ахиц дэвшил сул орнуудын тоонд Бразил,Австрали,Ливи,Испани,Турк зэрэг улс орнууд орж байгаа бол Грек,Сенегал ба Их Британи зэрэг улс орнууд дэвшил гаргасан байна.
Авлигын төсөөллийн индекс нь төрийн албан дахь авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг.Улс орнуудын авч буй өндөр оноо нь нээлттэй ил тод засаглал болон эрх баригчдын иргэдийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоотой шууд холбоотой байдаг.Харин бага оноо авсан улс орнуудад авлига өндөр,авлигын хэрэг ял шийтгэлгүй өнгөрдөг,шүүх цагдаа нь шударга бус байдаг байна.
Монгол Улс 2012 онд 36 оноо 94-р байр,2013 онд 38 оноо,2014 онд 39 оноо 80 байр,2015 онд 39 оноогоор 72-р байрыг эзэлжээ.2012 оноос эхлэн тооцоолох аргачлал болон онооны үнэлгээ өөрчлөгдсөн учир 2012 оноос өмнөх оноог түүнээс хойших оноотой харьцуулах боломжгүй.Монгол Улсыг доор дурдсан засаглал ба бизнес орчны чиглэлээр ажилладаг хараат бус институцүүдын экспертүүд үнэлж мэдээллийн эх сурвалж болон тайлбараа илгээдэг юм.2015 оны оноог 2014 онтой харьцуулсан үзүүлэлтийг хаалтад хийж харьцуулсан болно.
Манай улс өнгөрсөн онтой харьцуулахад Bertelsmann Foundation-Transformation Index 2016(засаглалын шилжилт ба менежмент)үнэлгээгээр оноо алдсан байна.
-Bertelsmann Foundation-Transformation Index 2016 - 36(40)
-Economist Intelligence Unit-Country Risk Ratings 2015 - 38(38)
-IHS Global Insight-Country Risk Ratings 2014 - 42(42)
-IMD-World Competitiveness Yearbook 2015 - 37 (анх удаа)
-Political Risk Services International-Country Risk Guidance 2015 - 31(31)
-World bank-Country Policy and Institutional Assessment 2014 - 47(47)
-World Economic Forum-Executive Opinion Survey 2015 - 42(41)
-World Justice Project-Rule of Law Index 2015 - 35(32)
Транспэрэнси интернэшнл монгол / 14/09/2016