"Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурал боллоо

Мэдээ, мэдээлэл / admintaf / 1 жил өмнө

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурлыг эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудын дунд зохион байгууллаа. Бага хурлаар сүүлийн 10 гаруй жил хийгдэж байгаа АТГ, Азийн сан болон бусад байгууллагын авлигын талаарх судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэж авлига нэмэгдэж байна уу? Эсвэл буурч байна уу? Авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий юу? Авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байна уу? Зэрэг олон асуудлыг хөндөхийг хичээсэн. 


Монгол Улс дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, иргэд олон нийтийн төсөөлөл, хандлага, шударга байдлын түвшин зэргийг тодорхойлох цөөнгүй судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд явуулж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар (АТГ) давтамжит 3 судалгааг 2007 оноос хойш, Азийн сан давтамжид 2 судалгааг 2006 оноос хойш явуулж байна. Мөн олон улсын хэмжээнд Транспаренси Интернэшнл байгууллага Монгол Улсын авлигын индексийг дэлхийн 200 гаруй улстай харьцуулан жил бүр гаргаж байна.

Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцсэн. 

АТГ-ын:

  1. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа (2008 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн)
  2. Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ (2010 оноос хойш 2 жил тутамд хийгдсэн)
  3. Авлигын индекс (2009 оноос хойш 2 жил тутамд хийгдсэн) Дээрх 2 судалгаа (Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын индекс) нэгтгэгдэж Шударга байдлын үнэлгээ нэртэйгээр 2015, 2016 онуудад хийгдсэн

Азийн сангийн:

  1. Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа (2006 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн)
  2. Бизнесийн орчин дахь авлигын талаарх ойлголт мэдлэг тогтоох судалгаа (2010 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн) 

Зургыг ikon.mn дэх хурлын талаарх нийтлэлээс авав. 

сүүлд нэмэгдсэн мэдээ