Машин угаалга #5

Мэдээ, мэдээлэл / admintaf / 2 долоо хоног, 3 өдөр өмнө

“МАШИН УГААЛГА” цуврал нийтлэл #5 төгсгөлийн хэсэг

Авлигын пирамидын орой

Ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силва бол бразилчуудын бахархал. “АНУ-д Обама байгаа бол бидэнд Лула бий” хэмээн домогт хөл бөмбөгч Пеле хэлж байсан удаатай. Тэд Лулагаа Бразилийн Нильсон Манделотой зүйрлэнэ. Лула 1945 оны 10-р сарын 25-нд найман хүүхэдтэй айлын долоо дахь хүү болон мэндэлжээ. Багаасаа гудамжинд хар бор ажил эрхлэн амь зогоож өссөн түүнд системтэй боловсрол эзэмших боломж гарсангүй. Идэр залуу насандаа үйлдвэрийн ослоор хуруугаа тасдуулсанаас хойш Үйлдвэрчний эвлэлд хамрагдан ажилчдын эрх ашгийг хамгаалан тэмцэх болжээ. Чухам энд л тэрээр эзэдтэй яриа хэлэлцээрт орж, олон нийттэй харилцан, жагсаал тэмцэл зохион байгуулах чадварт суралцан өөрийгөө нээсэн гэдэг. Лула маш сайн зохион байгуулагч, уран илтгэгч төдийгүй маргаан зөрчлийг шийдвэрлэн тохиролцоо хийхдээ гаргуун нэгэн. Хөдөлмөрчдийн намын нэрийн өмнөөс гурван удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон ч үл цөхрөн дөрөв дэхь удаагаа өрсөлдөн сонгогдож 2003 оноос 2011 он хүртэл хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр амжилттай ажилласан түүхэн хүн юм.

Лулаг Бразил төдийгүй дэлхий дахинаа мэднэ. Ерөнхийлөгч Лула нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан “Лулизм” урсгалыг улс төрд оруулж ирсэн гэдэг. Түүний санаачилгаар гэр бүлийг дэмжих “Болса Фамилиа”, өлсгөлөнг тэглэх “Фоме Зеро” хөтөлбөрүүд хэрэгжиж, хүүхдүүдээ сургуульд оруулж, вакцинд хамруулах болзолтойгоор ядуу гэр бүлд бэлэн мөнгө, хоолны талон олгож байв. Мөн “Миний гэр, миний амьдрал” хөтөлбөрөөр олон зуун ядуучуудыг орон байртай болгосон түүнд бразилчууд хайртай байхаас ч өөр аргагүй. Лулагийн нэр хүнд олон улсад ч өссөн ба 2010 оны “Тайм” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 улс төрчдийн нэгээр шалгарч байв. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах найман жилд Бразил Улс дэлхийн найм дахь эдийн засаг болон хүчирхэгжиж 2014 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны Олимпийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан гайхам түүхтэй.

Гэхдээ энэ бүхний цаана эргэлзээ төрүүлэхүйц олон асуудал нуугдана. Ядуурлаас гаргах хөтөлбөрүүд болон Дэлхийн хөл бөмбөгийн ба Олимпийн бүтээн байгуулалтыг бүгд л “16 Клуб”-ынхан төртэй гэрээлэн гүйцэтгэсэн байдаг. Арай тэднийг санхүүжүүлэх гэж энэ бүхнийг бодож олсон юм биш байгаа гэлтэй. Эцсийн дүндээ Лула хэний төлөө ажилласан хэрэг вэ? Тэр үнэхээр ард түмнийхээ төлөө зүтгээ юу, эсвэл өөрийнхөө нэр төрийг мандуулан бадрааж, эрх мэдлээ бататган тогтоохын төлөө ядуусын хайртай эцгийн дүрд тоглоо юу? гэсэн асуулт өнөөг хүртэл маргаан дагуулж, олон нийтийг хуваасаар л байна.

Ард түмэн хайртай хүндээ хэр барагтай бол хир халдаахыг хүсдэггүй бололтой. Лулагийн авлигатай орооцолдсон явдал Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний үеэс л нийтэд ил болоод байв. Гэсэн ч 2006 оны сонгуулиар түүнийг дахиад л сонгожээ. Тэр ч бүү хэл 2011, 2014 онуудад түүний гарынх нь хүн буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Дилма Руссефийг удаа дараалан сонгосон билээ. Лула ч сонгуулийн сурталчилгаанд нь өөрийн биеэр зүтгэж “Та нар надад итгэдэг шигээ Дилмад итгээрэй” хэмээн олон түмнийг хошууруулж явлаа.

2016 оны эхээр “Машин угаалга” ажиллагааны явцад Лулагийн авлигатай холбоотой хэрэг сүрхий илчлэгдээд эхлэх үед тэрээр сандран Ерөнхийлөгч Дилмагийн Тамгын газрын даргаар томилогдчихсон удаатай. Улс төрийн дархлаатай албан тушаалд очсон түүнийг хэвлэлээр “Лула хүү Дилма охины хормойн дор ороод нуугдчихлаа” хэмээн шоглон зурж байв. Харамсалтай нь хуулийн байгууллагаас томилгоог хүчингүй болгосноор Лулагийн дүүжигнэж үлдсэн сүүлчийн олс ганцхан хоногт тасарчихав.

2016 оны 3-р сарын 4-нд Лулагийн гэрт нэгжлэг хийж, түүнээс мэдүүлэг авчээ. Лулагийн эзэмшдэг хоёр байр нь түүний дотны найз Бумлайн нэр дээр байдаг ч Лулагийн хөрөнгө болохыг шүүгч Моро тогтоон олон нийтэд мэдээлсэн байна. Мөн Лулагийн эхнэрийн нэр дээр ч багагүй хөрөнгө гарч ирлээ. Лулагийн нэрээр нэрлэгддэг “Лула Институт”-д хийсэн санхүүгийн аудитын шалгалтаар хууль бус гүйлгээ удаа дараа хийж байсан нь тогтоогджээ. Хүүхдүүдийнхээ эзэмшдэг компани руу 1,3 сая реалын төлбөр хийсэн баримт нь ч олдов.2011-2014 оны хооронд “16 Клуб”-ээс 35 сая реал Лула институтад шилжсэн байсныг мөнгө угаах гэмт хэргийн илрэл хэмээн Прокурорын газраас үзжээ.

Түүнээс хойш жил гаруйн дараа буюу 2017 оны 5-р сарын 11-нд Моро шүүгч Лулаг дуудан таван цаг байцаалт аваад мөн суллажээ. Эл өдөр Лулаг хамгаалсан иргэдийн жагсаал Куритивад өрнөсөн бөгөөд байцаалтаас гарч ирсэн Лула тэдний өмнө үгээ хэлж, нэр хүндээ улам өсгөөд амжив. Тэрээр 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ч зарлаж буй. Тиймээс өөрийнх нь эсрэг энэ мэт улс төрийн явуулга зорилготой хийгдэж байна хэмээн мэдэгдсээр байгаа билээ.

Сүүлийн үеийн судалгаагаар ялангуяа ядуурал ихтэй хойд нутгаар Лулагийн нэр хүнд өндөр хэвээр байгаа мэдээ байна. Магадгүй, ард түмэн нийгмийн халамжаа санагалзаа биз.

Хааяа шүүгч Моро эргэлзэнэ. Тэрээр бага залуу наснаасаа 1990 оны эхээр Италид өрнөсөн авлигын эсрэг “Цэвэр гар” операцийг сонирхон судалж ирсэн. Хуулийн байгууллага улс төрийг тухайн үеийн авлигачдаас чөлөөлсөн ч үр дүнд нь өөр нэг авлигач Силвио Берлускони Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон нь тун харамсалтай. Тиймээс “Машин угаалга” зорилгодоо хүрч, зад угаалаа ч гэлээ бохирдсон улс төрийн чанарыг сайжруулж чадах болов уу гэдэг асуудал сэтгэл зовоосон хэвээр үлдлээ. “Миний ажил бол үнэн зөвийг шүүн тогтоох, харин улс төрийг би мэдэхгүй” хэмээн Моро хариулдаг. Үнэхээр тийм л дээ. Шүүгч хүн авлигач улс төрчдийг цээрлүүлэн шоронд хорьж чадна, харин шударга улс төрчдийг Парламентад суулгаж чадахгүй.

Моро шударга ёсыг тогтоохын төлөө амь насаараа дэнчин тавин ажилласан нь үнэн. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг зав хомсдож, хүүхдүүдтэйгээ хамт салхилах, дугуйгаар явах, эхнэртэйгээ гадуур хооллохоо ч болиод удаж байгаа. Такси дуудах нь байтугай машинаа жолоодохоо ч больжээ. Түүний гэрт хамгаалагч нар өдөр, шөнөгүй ээлжлэн харуулд гарна. Тэрээр өдөр бүр таашаал авдаг хувийн эрх чөлөө, орон зайгаа бүгдийг золиослон байж зүтгэсэн. Харин үр дүн... яаж гарах бол???

“Машин угаалга”-ын үр дүнг үнэлшгүй. Дээд шүүхийн шүүгч Теори Заваскийн хэлснээр “Дэлхийн аль ч оронд байгаагүй схемжсэн улс төрийн хулгайг илрүүлсэн юм”. Мэдээж үр дүнг нь нийт бразилчууд хүртэнэ. Бас ирээдүй хойч үе нь талархаж явах биз ээ.

“Машин угаалга” номын эхний дэвтэр ийнхүү өндөрлөж байна. Мэдээж, удаах дэвтэр бичигдэж байгаа. Гэхдээ дараагийн номыг үл хүлээн, сүүлийн жилд ямар үйл явдал өрнөснийг энд цухас дурьдсугай.

“Машин угаалга” ажиллагааны гол гогцоо хүн, мөнгө угаах гэмт хэргийн их мастер Алберто Иойссеф үнэнээ мэдүүлэн, ялаа хөнгөлүүлж чаджээ.

-Та шоронгоос гараад мөнгөгүй хэрхэн амьдрах билээ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр

-“Мөнгө бол сонин биш, орж л байдаг, гарч л байдаг. Хэрвээ надад мөнгө хэрэгтэй бол хуушуур зараад ч амьдралаа эхлүүлж чадна. Миний багадаа сурсан ажил. Харин Бразилийн мөнгөтэй нь ялдаг сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй цагт мөнгө угаах энэ мэт схемийг үндсээр нь таслан зогсоож чадахгүй. Улс орон ч хөгжин дэвших арга зам байхгүй. Надад шүүгч Мород өширхсөн зүйл байхгүй харин ч түүнийг үнэлдэг. Би буруу зүйл хийсэн тул шоронд орсон нь үнэн. Энэ бол зүгээр л тоглоом. Амьдралын энэ мэт тоглоомд оролцож сурсан хүмүүс бол юу ч тохиолдож болзошгүй гэдгийг угаас мэддэг. Хэдийгээр миний эсрэг ч гэсэн хуулийн багийнхан үнэхээр сайн ажилласан” хэмээн хариулсан гэдэг. 2016 оны 5-р сард шүүгч Сержио Моро “Тайм” сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 100 манлайлагчдын нэгээр шалгарсан бөгөөд тухайн үед түүнд байцаагдаж байсан Иойссеф баяр хүргэж, гар барьсан удаатай.

2016 оны 3-р сарын 7-нд “16 Клуб”-ын нөлөө бүхий гишүүн, Одобрешт группын үе дамжсан эзэн Марсело Одобрешт Петробрас ТӨК-ийн удирдлагууд болон улс төрчдөд 30 сая ам.долларын хахуул өгсөн хэргээр 19 жилийн ял авчээ.

Бразилийн Дээд шүүхийн шүүгч Теори Заваский 2017 оны 1-р сарын 19-нд онгоцны ослоор эндэн зуурдаар нас барсан байна. Тэрээр 200 гаруй улс төрчид, бизнесийн толгойлогч нарын хэргийг шүүж байсан юм. Түүний осол санамсаргүй тохиолдол байгаагүй хэмээн үзэх хүмүүс ч бий.

Ерөнхийлөгч Дилма Руссефийг огцорсоны дараа халааг авсан Ерөнхийлөгч Мишел Темер хүртэл нэг бус авлигын хэрэгт орооцолдоод буй. Бразилийн махны аварга үйлдвэр “JBS”-ийн удирдлагуудаас хэдэн сая ам.доллар авсан гэх ба тэдний хоорондын утасны яриа ч олон нийтэд ил болжээ. Гэсэн ч Темер энэ бүхнийг үгүйсгэсээр байгаа. Тэрээр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, үлдсэн хугацаанд улс төрийг тогтворжуулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Бразилийн эдийн засаг ч сэргэж байгаа сайхан мэдээтэй.

Харин ядуусын хайртай эцэг, Ерөнхийлөгч асан Лула да Силва тун саяхан Сержио Мород шүүгдэж 9,5 жилийн ял авчээ. Тэрээр улс төрийн зорилготой, хуурамч хэрэгт хилсээр яллагдсан хэмээн үзэж байгаа тул түүний өмгөөлөгчид дээд шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдээд буй.

Төгсгөлийн оронд

Бразил Улс 200 гаруй сая хүнтэй, 8,5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ ч, хүн амын тоогоороо дэлхийд айргын тавд ордог том гүрэн.

Манай хоёр орны газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн цар хүрээ ялгаатай ч бидэнд ижил төстэй зүйлс олон бий. Юуны өмнө ардчиллын замаар шинэ тутам замнасан бөгөөд засаглалыг бэхжүүлэх, авлигыг бууруулах, ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах тал дээр харилцан суралцах зүйлс асар их. Өөрөөр хэлбэл манай хоёр улс яг л адилхан зовлонтой мэт санагддаг.

Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн хэлэх дуртай. Эв нэгдэл гагцхүү шударга ёсон дээр суурилж байж тогтвортой, бат бэх байдаг. Харин ардчилсан нийгэмд хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахин мануулах үүргийг шүүх хүлээдэг. “Хараат бус” шүүхийн засаглалтай улс оронд авлигачид оршин тогтнох боломжгүй. Шүүх нь нийтийн эрх ашгийг хамгаалан, авлигачдыг цээрлүүлээд эхлэхээр ард түмэн ч гэсэн “шударга” шүүгчдээ хамгаалаад эхэлдэг юм билээ.

“Машин угаалга” операци богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрч байгааг нүдээр харж, биеэр мэдэрсэн хүний хувьд авлигын эсрэг ийм нэгэн амжилттай тэмцлийг Та бүхэнтэйгээ хуваалцахыг зорьсон билээ. Хэрвээ уншигчдын сонирхлыг татах аваас “Машин угаалга” номыг Монголд хэвлүүлж болохыг дуулгахын сацуу тус номыг бүрэн эхээр нь португаль хэлнээс хөрвүүлэхийг зорьж буй дипломатч Ц.Өнөржаргалд талархах нь зүйтэй болов уу. Мөн түүнчлэн тус номын зохиогч Владимор Нето, шүүгч Сержио Моро нарыг урин туршлагаас нь хуваалцах боломжтойг ч дуулгахад таатай байна.

Эцэст нь өгүүлэхэд Монголын хэвлэл мэдээллээр шуугиад байгаа оффшор данстай төрийн өндөр албан тушаалтнууд, 60 тэрбумаар төрийн албыг худалдах тухай төлөвлөгөө ... яг л мөсөн уулын орой мэт ил нэг гарч, далд нэг ороод байх шиг... Монголын ард түмэн мөсөн уулын их биеийг харж чадахгүй байгаа ч өдрөөс өдөрт мэдэрсээр байгаа билээ. Авлигад автсан төрдөө бухимдсаар буй иргэдийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, үнэнийг илчлэх Сержио Моро шиг эр зоригтой, шударга шүүгчид эх оронд минь олон буй гэдэгт миний бие итгэдэг. Монголын ард түмэн авлигын эсрэг эвлэлдэн нэгдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ч.Сосормаа

сүүлд нэмэгдсэн мэдээ