Залуучууд авлигын талаар ярилцлаа- Залуусын дуу хоолой Чуулга уулзалт 2019
Мэдээ, мэдээлэл / admintaf / 3 жил, 11 сар өмнө
Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош настай миллениалууд эзэлж байгаа ч тэдний зөвхөн хоёр хувь л Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Нөгөө талд түүнээс хоёр дахин их буюу нийт залуусын 20 хувь нь ямар ч боловсролгүй, тогтсон ажил эрхэлдэггүй ажээ. Нийгмийн олон салбарт залуусын орон зай үгүйлэгдэж, тэдний нөлөөлөл, дуу хоолой дутагдаж байгааг энэ мэт олон жишээ батлан харуулна. Тиймээс Монгол залуусын нийгэмд үзүүлэх оролцоо, хувь нэмрийг дээшлүүлж, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах сэдлийг өгөх зорилгоор Азийн сан байгууллага (The Asia Foundation Mongolia) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй долоон олон улсын байгууллагатай хамтран “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтаар сайн засаглал, байгаль орчин, бизнес, улс төр, нийгмийн оролцоо, боловсрол сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд энэ хүрээнд Монголын 18-35 насны 1000 гаруй залуус цуглаж, дээрх асуудлаар үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцсон юм. Чуулга уулзалтад олон талт оролцоог хангахын тулд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг, суманд ажиллаж буй залуусын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, үзэл бодлоо хуваалцсан.
Чуулганы 2 дахь өдөр "Авлигын талаар ярилцъя" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хураангайлан хүргэж байна.
Илтгэл, хэлэлцүүлгийн асуулт хариултууд авлигын талаарх олон талт байр суурийг харуулж байсан төдийгүй өсвөр үе залуучуудад хамгийн ойр салбар болох боловсролын салбар дахь авлига, ёс зүйн асуудлууд хүчтэй хөндөгдөж, судалгааны үр дүнгүүд түүнд чиглэж байсныг онцолж байна. Мөн эссэгээ танилцуулахаар сонгогдсон шилдэг оролцогчид бүгд сонгуулийн насанд хүрсэн ихэнхи нь ирэх жилүүдэд анх удаа сонгууль өгөх гэж буй учир сонголтоо хийхийн тулд улс төрчид, нэр дэвшигчдээс юу хийхийг хүсэж буй талаар мөн авлигатай хэрхэн тэмцэх талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Оролцогчид, илтгэгчид бүгд сэтгэл хангалуун байсан бөгөөд хэдийгээр хүнд, өргөн хүрээг хамарч ярих шаардлагатай, багагүй мэдээлэл туршлага шаардах сэдэв боловч өсвөр үеийнхэн, залуучууд энэ талаар өөрсдийн гэсэн бодолтой, технологийн дэвшил, өндөр хөгжилтэй орны сайн жишээ зэргийг татан ярьж шийдлүүд санал болгож байгаа нь сэтгэл хөдөлгөсөн. Илтгэл, ярианууд агуулгаараа “томчууд үлгэрлэх хэрэгтэй байна буюу одоо үе болон ирээдүйдээ битгий уршиг тарь, шударга бус үйлдлээ зогсоо” гэдэг дээр санал нэгдэж байсан.
Арга хэмжээний товч видеог эндээс үзнэ үү.
Азийн сан