Албан тушаалтан гадаадад өөрийн нэр дээр банкинд данс эзэмшихийг хоригложээ

Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 1 жил, 9 сар өмнө

Хууль зуйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авилга,албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хандлага,эрс нэмэгдэж төрд итгэх иргэдийн итгэл буурчээ.

Иймд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах,төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх,нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулах,асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

Тиймээс Авилгын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан гүйцэтгэх үедээ,эсхүл нийтийн албан тушаалд томилогдхоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх,ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших,мөнгөн хөрөнгө байршуулах,хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ.Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх,хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байна.

Нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах,эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх,бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух,зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх,мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан аж.Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс-ээс мэдээллэв.

сүүлд нэмэгдсэн мэдээ