Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мэдээ, мэдээлэл / admintaf / 9 сар өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) цахим хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар танилцуулсанТөрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байх ба Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ. 

Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд дурдав. 

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээллийн эх сурвалж: Unen.mn

сүүлд нэмэгдсэн мэдээ